COVID-19: Харшилтай хүмүүс вакцинд хэрхэн хамрагдахыг шинжээчид зөвлөжээ
2021-03-17

Дэлхийн олон оронд, тэр дундаа манай улсад ч коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтын ажил эхэлсэн энэ үед вакцины гаж нөлөө, сөрөг заалтын талаарх мэдээлэл хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байгаа юм. Зарим нэр төрлийн вакцинуудыг "харшилтай хүмүүс хийлгэж болохгүй" гэсэн яриа сонсогдож байсан ч одоогоор холбогдох албаныхан, мэргэжилтнүүд энэ тал дээр тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Харин ОХУ-д харшилтай хүмүүст вакцин хийлгэхэд нь ямар зөвлөгөө өгч байгаа талаар түүвэрлэн хүргэж байна. 

 

Коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинжуулалтын сөрөг заалтуудын нэг нь хүнд төрлийн харшлын өвчлөл гэнэ. Харин харшил хөнгөн илэрдэг бол урьдчилан сэргийлэх тарилга хийлгэж болно гэж Оросын Петербург хотын эрүүл мэндийн хорооны мэргэжилтэн Сусанна Харит өгүүлснийг "Российская газета" дамжуулжээ. 

 

Шинжээчийн өгүүлснээр анафилаксийн шок (shuud.mn: анафилакси гэдэг нь хоол хүнс, эм, эмийн бодис, шавжанд хатгуулах зэрэг голлох шалтгаануудаар үүсэж, тэдгээрт өртсөний дараагаар хэдхэн минут эсвэл хэдхэн цагийн дотор гэнэт харшлын хүнд хэлбэрийн хариу урвалаар илэрдэг хам шинж) болон анафилакт хариу урвал хүнд хэлбэрийн харшлын хариу урвалд тооцогдох  бөгөөд эдгээр нь зарим төрлийн бодисуудыг хийхэд организм хүчтэйгээр хариу өгдөг байна. Өвчтөн үүний улмаас даралт нь ихэсч, зүрх судасны үйл ажиллагаа алдагддаг гэнэ. Гэхдээ энэ нь харьцангуй ховор байдаг.

 

Харин ургамал цэцэглэх үеэр хамар битүүрэх, биеэр тууралт гарах зэрэг хөнгөн хэлбэрийн харшил түгээмэл байдаг бөгөөд ийм төрлийн харшилтай хүмүүс вакцин тариулж болно гэж шинжээч өгүүлжээ. Гэхдээ вакцин хийлгүүлэхээр очихдоо харшил сэдрэх үед хэрэглэдэг эмээ авч явахад илүүдэхгүй гэж Сусанна Харит зөвлөсөн байна. Түүнчлэн ийм харшлын эмнүүдийг вакцин тариулснаас 2-3 өдрийн дараа ууж болох аж. 

 

Шинжээч Сусанна Харитын өгүүлснээр, харшлын архаг ринит буюу хамрын харшилтай хүмүүс вакцин тариулж болох эсэх асуулт байнга ирдэг гэнэ. Ийм оноштой хүмүүс вакцин хийлгэж болохгүй гэсэн яриа иргэдийн дунд гардаг ч энэ нь төөрөгдөл, архаг харшлын ринит буюу хамрын харшил вакцин тарихад сөрөг заалт болохгүй гэж шинжээч онцолжээ.

 

Вакцин гарган авсан хүрээлэнгийн захирал юу гэж зөвлөв?

Харшилтай хүмүүс харшлын урвал бага илэрч байх үед, жилийн тодорхой улиралд коронавирусээс сэргийлэх вакцин тариулах шаардлагатай гэж Оросын "Спутник V" вакциныг боловсруулсан Гамалеягийн нэрэмжит хүрээлэнгийн захирал Александр Гинцбург мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ.

 

"Зарим төрлийн антигенид харшилтай хүмүүс вакцин тариулах ёстой. Ургамал цэцэглэх үеэр харшил нь хөдөлдөг бол намар өвөл гээд хүйтэн улиралд вакцин тариулах хэрэгтэй. Харин гэрийн тоосонцороос харшилтай бол хүмүүс хотоос гарч, тоос тоосонцор бага болдог зуны улиралд вакцин тариулах нь зүйтэй" хэмээн Гинцбург мэдэгджээ.

 

Вакцинжуулалтын өмнө эмчтэй зөвлөлдөн, тарилга хийлгэх хугацаагаа тогтох ёстой гэж эрдэмтэн харшилтай хүмүүс зөвлөсөн байна. Түүнчлэн Квинкийн хаван болон анафилаксийн шок гэсэн цөөн тооны харшлын хүндрэлтэй хүмүүсээс бусад хүмүүс вакцин хийлгэхэд сөрөг заалтгүй гэж Гинцбург онцолжээ.

 

Түүнчлэн Оросын өөр нэг эрдэмтэн харшилтай хүмүүс хэзээ вакцин тариулах талаар зөвлөгөө өгсөн байна. Тодруулбал, Оросын Ард түмнүүдийн найрамдлын их сургуулийн халдварт өвчний тэнхимийн доцент, анагаах ухааны дэд эрдэмтэн Сергей Вознесенский хамрын харшилтай хүмүүс (shuud.mn: ринит) ургамал цэцэглэхээс өмнө эсвэл дараа нь коронавирусийн вакцин тариулах ёстой гэж үзэж байгаа гэнэ.

 

"Ургамал цэцэглэх, ургахаас өмнө эсвэл хойно коронавирусээс сэргийлэх тарилга хийлгэх хэрэгтэй. Ургамлын тоосны харшил заавал дөрөвдүгээр сард эхлэх албагүй, гуравдугаар сарын сүүлээр ч эхэлдэг, харин зарим хүнд наймдугаар сард ч харшил нь сэдэрдэг. Харшлын ямар өдөөгчөөр харшил үүсч байгаагаас бүх зүйл хамаарна" хэмээн Вознесенский өгүүлжээ.

 

Эрдэмтний өгүүлснээр ургамлын тоосны харшил сэдэрсэн үед вакцин тариулж болохгүй, харшлын шинж тэмдгүүд намжсаны дараа коронавирусээс сэргийлэх вакцин тариулах хэрэгтэй гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин