"Жонсон энд Жонсон"-ы вакциныг ДЭМБ зөвлөв
2021-03-18

Америкийн "Жонсон энд Жонсон" концерны бүрэлдэхүүнд багтдаг Janssen компанийн боловсруулсан коронавирусээс сэргийлэх вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөжээ. Энэ талаар ДЭМБ-ын Дархлаажуулалтын шинжээчдийн стратегийн зөвлөх бүлгийн төлөөлөгч Алехандро Кравиото мэдэгдсэнийг  DW агентлаг дамжууллаа. 

 

ДЭМБ-ын төлөөлөгчийн онцолсноор, "Жонсон энд Жонсон"-ы вакциныг тариулснаас хойш 28 хоногийн дараа коронавирусийн халдварын хүнд хэлбэрээс 85.4 хувь хамгаалж байгаа нь тогтоогдсон аж. Энэ вакциныг 18-аас дээш насныханд зориулсан бөгөөд нэг л тун тарихад хангалттай гэж боловсруулагч компани мэдэгдэж байв. 

 

Энэ вакциныг Европын эм бэлдмэлийн агентлаг  арилжааны журмаар ашиглах зөвшөөрөл өгөхийг зөвлөсөн талаарх мэдээлэл гуравдугаар сарын 12-ны өдөр гарч байсан юм.  

 

"Нарийвчилсан үнэлгээ хийсний дараа вакцины талаарх мэдээлэл нь найдвартай, үр дүн, аюулгүй байдал, чанарын шалгууруудад нийцэж байна гэсэн дүгнэлтийг Европын эм бэлдмэлийн агентлаг гаргасан" хэмээн агентлаг мэдэгдэж байлаа. 

 

АНУ, Өмнөд Африк, Латин Америкийн орнуудад хийсэн эмнэлзүйн туршилтын  дүнгээр Janssen вакцин нь 18-аас дээш насныханд үр дүнтэй гэж гарсан байна. Судалгаанд 44 мянга гаруй хүн оролцож, вакцины үр дүн 67 хувь гэж үнэлэгджээ.

 

Судалгааны явцад энэ вакцинаас үүдэлтэй гаж нөлөөнүүд нь хөнгөн болон дунд зэрэг байсны дээр тариулснаас хэд хоногийн дараа гаж нөлөөнүүд арилж байсныг Европын эм бэлдмэлийн агентлаг онцолсон байна. Гаж нөлөөнүүд дундаас хамгийн олон тохиолдож байгаа нь тарилга хийсэн хэсэгт өвдөх, толгой өвдөх, ядарч сульдах, булин өвдөх, дотор муухайрах гэсэн шинж тэмдгүүд байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин