COVID-19: Польш хатуу хөл хорио тогтоож, Исланд жуулчдад үүдээ нээв
2021-03-18

Дэлхий нийт коронавирусийн цар тахалтай тэмцсээр, улс орнууд хүн амаа вакцинжуулах ажлаа үргэлжлүүлж байна. Worldmeter цахим хуудсын мэдээллээр коронавирус тархаж эхэлснээс хойш дэлхий даяар 121 сая гаруй хүн халдвар авч, 2.6 сая гаруй хүн нас барсан бол 97 сая хүн эдгэрчээ. Өнгөрсөн хоногт цар тахалтай холбоотой гарсан олон улсын үйл явдлыг SHUUD.mn тоймлон хүргэж байна. 

 


    Британийн Засгийн газар долдугаар сарын сүүл гэхэд насанд хүрсэн бүх хүн амаа вакцинжуулж дуусна гэж тооцоолж байна. Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэттью Хэнкокийн мэдэгдсэнээр дөрөвдүгээр сарын 15 гэхэд эрсдлийн бүлэгт багтах бүх хүнийг вакцинд хамруулах төлөвлөгөөгөө амжилттай дуусгах гэнэ.


АНУ-д 40 сая хүн вакцинд бүрэн хамрагдсан гэж тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн албан ёсны төлөөлөгч мэдэдсэнийг DW дамжуулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-д өнөөдрийн байдлаар нийтдээ 147.6 сая тун вакцин тарьсан бөгөөд тус улс 328 сая хүн амтай юм. 


    Цар тахлын улмаас хохирсон бизнесийнхэнд зориулах санхүүгийн тусламжийг хууль бусаар олж авсан 31 настай эрийг 4.5 жил хорих ялаар шийтгэх шийдвэрийг Германы Мюнхений шүүх гаргажээ. DW агентлагийн мэдээлснээр, 2020 оны гурав болон дөрөвдүгээр саруудад тухайн иргэн тусламж авахаар Германы зургаан мужид нэгэн зэрэг 91 өргөдөл өгсөн байна. Тэрбээр нийтдээ 2.5 сая евро авахаар тооцож байсан бөгөөд түүнийг баривчлах үед гурван өргөдлөөр 67 776 евро авсан нь тогтоогджээ.


    Чехийн Ерөнхий сайд Андрей Бабис Улаан өндөгний баярын өдрүүдээр хязгаарлалтын арга хэмжээг сулруулах саналыг хүлээж авсангүй.

Гэр бүлийн уулзалтууд ахмад настнуудад коронавирусийн халдвар тараах асар өндөр эрсдэл болно гэж Бабис үзэж байгаагаа Браво сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Чех улсад хөл хорионы улмаас иргэд онц шаардлагагүйгээр өөрсдийн амьдардаг тойргоос гарахыг хориглосон байна. 


       Коронавирусийн халдварын тохиолдол эрс өсөж байгаатай холбоотойгоор Польш улсад энэ сарын 20-ны өдрөс эхлэн  хөл хорио тогтоохоор болжээ. Ингэснээр худалдааны төв, зочид буудал, театр, кино театруудыг хаахаар болсон байна. Лхагва гарагт Польш улсад коронавирусийн халдварын шинэ тохиолдол 25052 бүртгэгдсэн нь 2021 онд гарсан хамгийн өндөр үзүүлэлт аж. Тус улсад халдварын нийт тохиолдол 1.9 саяыг давсан юм.


    Шенгений бүсийн орнуудад амьдардаггүй иргэд Европын эм бэлдмэлийн агентлагийн зөвшөөрсөн коронавирусээс сэргийлэх вакцин тариулсан бол Исланд руу зорчиж болно гэж Исландын Засгийн газар мэдэгджээ.

Энэ тохиолдолд тухайн аялагч коронавирусийн шинжилгээ өгөх эсвэл тусгаарлалтад орох шаардлагагүй гэнэ. Түүнчлэн коронавирусийн халдвар аваад эдгэрсэн нь зохих баримтаар батлагдаж буй иргэд ч Исландыг зорьж болохоор болжээ.

Аялал жуулчлалын салбар нь Исландын төсвийн орлогод чухал байр суурь эзэлдэг бөгөөд өнгөрсөн онд гадаадын жуулчдын урсгал 2/3 буурсан тул аялал жуулчлалыг сэргээх үүднээс дээрх шийдвэрийг гаргасан байна. 


 

Индонези улс ч аялал жуулчлалаа сэргээхийн тулд дорвитой алхам хийж эхэллээ. Тодруулбал Бали арал дээр гадаадын жуулчдыг хүлээн авах хугацааг наашлуулахын тулд арал дээр вакцинжуулалтын ажил эхлүүлжээ.  Эхний ээлжинд аялал жуулчлалын салбарт ажилладаг 150 мянган хүнийг вакцинд хамруулах бөгөөд тэд Хятадад үйлдвэрлэсэн Синовак вакцин тариулах юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин