Халдварт өртөөд эдгэрсэн хүмүүст эсрэг бие үүссэн байхад вакцин тарьж болно
2021-03-19

 

Сүүлийн үед иргэд өөрийн хүсэлтээр эсрэг биетийн шинжилгээг өгөх боломжтой эсэхийг тодруулах болж. Тэгвэл эсрэг бие гэж чухам юуг хэлэх, манай улсад эсрэг биетийн шинжилгээ хийж байгаа эсэх талаар ХӨСҮТ-ийн Хепатит Энтеровмрусийн лабораторийн эрхлэгч, эмнэлзүйн эмгэг судлаач, тэргүүлэх зэрэгтэй клиникийн профессор, Лабораторийн салбар зөвлөлийн гишүүн  Г.Сарангуагаас тодрууллаа.

 

Эсрэг биет гэж юуг хэлэх вэ?

 

-Эсрэг бие гэдэг нь антиген буюу удмын хувьд харь шинжтэй  нян, вирус зэргийн нөлөөгөөр  идэвхждэг В лимфоцит эсээс ялгардаг өвөрмөц уураг. Цусны ийлдэст хамгийн их байдаг ба цусны бусад уургаас ялгахын тулд иммуноглобулин гэж нэрлэдэг. Антиген бие махбодод орж ирэхэд эсрэг биеийн нийлэгшилт нэмэгдэж ирдэг гэхдээ энэ нь тодорхой зүй тогтлоор явагддаг. Эхний хэд хоногт нээх өсөхгүй, өвчин үүсгэгч бие махбодод орж ирснээс хойш эхний 7-10 хоногт IgM цусанд их хэмжээгээр илэрч,тодорхой хугацаанд цусанд байж, цаашдаа бууран тодорхойлогдохгүй (тодорхойлогдсон ч маш бага хэмжээгээр) болдог бол халдварын дараах дунджаар 10-14 дэх хоногт  IgG үүсч улмаар цаашид цусанд тогтвортой илрэн дархлаа тогтоодог. Чухам дээрх эсрэг биетүүд цусанд илрэв үү, илэрсэн бол аль нь илрэв гэдгээс нь шалтгаалан, ямар нэгэн халдвар авсан эсэх, хэрэв авсан бол халдвар нь шинэ, хуучин буюу эдгэсэн аль шатандаа явааг нь тодорхой мэдэж болно.  

 

Энэ зүй тогтол нь антиген буюу вирус биемахбодод анхдагчаар эсвэл давтан нэвтэрч байгаагаас хамаарч өөр өөр онцлогтой. Антигений анхдагч цочруулгийн үед хамгийн эхэнд IgM үүсдэг учир эрт үеийн уураг гэдэг, харин антигений хоёрдогч цочруулгийн үед IgG шууд үүсдэг учраас хожуу үеийн уураг ч гэж нэрлэдэг. Эсрэг биеийн гол үүрэг нь антигенийг өөртөө  холбон авч дархан бүрдэл үүсгэн, вирусийн хор эдэд очин хордуулах, үйл ажиллагааг хямруулах зэргийг саатуулдаг. Эсрэг биеийн хоёрдогч цочруулгийн үед үүссэн эсрэг биеийн хэмжээ их, антигенийг холбох чадвар сайтай байдаг.

 

Сайн дураар эсрэг биетийн шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд  цөөнгүй байна. Манай улсад эсрэг биетийн шинжилгээ авч байгаа юу?

 

-Манай төвийн Хепатитийн лабораторид  Anti-SARS CoV-2  буюу SARS coV 2 вирусийн нуклеокапсидийн эсрэг үүссэн  эсрэг биеийг Герман улсын Roche  пүүсийн Cobas E  411  иммунологийн бүрэн автомат анализатороор электрохимилюминесценцийн аргаар , SARS-CoV-2 RBD IgG  буюу SARS coV 2 вирусийн сэртэнгийн уургийн рецептортой холбогдох домайны эсрэг үүссэн эсрэг бие иммуноглобулин G, antiSARS CoV-2 IgM, anti SARS CoV 2 IgG үзүүлэлтүүдийг Хятад улсын Snibe  пүүсийн  Maglumi 800 иммунологийн бүрэн автомат анализатороор электрохимилюминесценцийн аргаар 2020 оны зургаадугаар сараас эхлэн одоог хүртэл тасралтгүй хийсээр ирсэн. Эхэндээ бид  халдвартай бүс нутгаас эх орондоо ирсэн иргэдэд тухайн халдвараар өвдсөн эсэхийг тандах зорилгоор  эсрэг биеийн шинжилгээг хийж байсан. Одоо коронавирусийн халдвараар өвдсөн өвчтнүүдэд халдвар оношлогдсоны  дараа болон  тодорхой давтамжтайгаар 7, 14, 21 дэх хоногуудад эсрэг биеийн шинжилгээг хийж байна. Эсрэг биеийн шинжилгээ нь хүн амын дунд  коронавирусийн халдвар тархсан эсэх, цар тахлын  тархалтыг судлах, халдвар авсан ч шинж тэмдэггүй байгаа хүмүүсийг илрүүлэх, халдвар тархахаас сэргийлэх, эмчилгээний үр дүнг хянах, өвдөөд эдгэрсэн бол дархлал тогтоц ямар байгаа, вакцины дараах дархлал тогтоцыг заах  зэрэг сероэпидемиологийн чухал ач холбогдолтой юм.

 

Коронавирусийн халдварт өртөөд эдгэрсэн хүмүүсээс эсрэг биетийн шинжилгээ авч байгаа юу?

 

-Тиймээ, ХӨСҮТ, ЦТЭ, ЭНЭҮТ-д тухайн халдварын улмаас хэвтэн эмчлүүлж эдгэрээд гарч буй иргэдэд  эсрэг биеийн шинжилгээнүүдийг хийж байна. Коронавирусийн халдвар авсан ихэнх хүмүүст халдварын дараах 10-21 хоногт  эсрэг бие үүсдэг бол, эмнэлзүйн хөнгөн хэлбэртэй хүмүүст эсрэг бие үүсэх нь арай удаан дөрвөн долоо хоног түүнээс дээш байна,  багахан хувьд эсрэг бие огт үүсээгүй байна. Судалгааны тоо баримтаас харахад нийт өвчтний 40 хувьд нь эмнэлзүйн шинж тэмдэг илэрснээс хойших нэг долоо хоногийн дотор, 70 хувьд  нь хоёр долоо хоногийн дотор, 90 хувьд нь гурван долоо хоногийн дотор эсрэг бие үүссэн байна. Цусанд SARS-CoV-2 эсрэг бие илрэх нь коронавирусийн эсрэг хамгаалалтын дархлаа үүссэн, коронавирусийн  халдвараас хамгаалах шууд хамааралтай гэсэн үг биш,  эсрэг биеийн хариу урвал нь хэр  удаан үргэлжлэх, уг халдвараас хамгаалж чадаж байгаа эсэх, хэрэв хамгаалж байгаа бол энэ  хамгаалалт  хэр удаан үргэлжлэх нь одоог хүртэл тодорхойгүй байна. Иймээс бидэнд тухайн халдвараар өвдсөн хүмүүст эсрэг бие хэдий хугацаанд хадгалагдаж, дахин халдвараас  хамгаалж чадах эсэхийг даган судлах шаардлага  гарч байна.

 

Тухайн хүний биед эсрэг биет тогтсон байхад  вакцин хийлгэх шаардлагатай юу?

 

 -Халдвараар өвдөөд эдгэрсэн хүмүүст эсрэг бие үүссэн байхад вакцин тарьж болно. Ийм тохиолдолд хамгаалах буюу вирус саармагжуулах урвал илүү хурдан үүсдэг гэсэн  судалгаа бий. Гагцхүү тухайн халдвараар өвдөөд эдгэрснээс хойш зургаан сарын дараа вакцин хийлгэж болно. Мөн өвдөөд эдгэрсэний дараа эсрэг биеийн хэмжээ тодорхой хамгаалах  түвшинд байгаа тохиолдолд эсрэг биеийн титрийг хянан, тодорхой хугацаагаар  вакцин хийлгэхгүй байж бас болно. Вакцины дараа үүсч буй эсрэг биеийн цусанд байх хугацаа, халдвар дахин авахаас хамгаалдаг эсэх нь мөн тодорхойгүй байна. Мөн олон төрлийн вакцин үйлдвэрлэгдэж гарсан тул аль вакцин нь илүү үр дүнтэй байх, хүн амын дундах   дархлал тогтоц ямар байгаа талаарх судалгааг эхлүүлэх, дархлал тогтоцын эргэмж судалгааг 1-3 жилийн хугацаанд үргэлжлүүлэн хийх зэрэг нэлээдгүй ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй гэж бодож байна.

 

Манай улсын эрдэмтэд “эсрэг биет илрүүлэх оношлуур” бүтээсэн гэсэн мэдээлэл байна. Хэзээ үйлдвэрлэж эхлэх вэ?

 

-ШУА-н дэргэдэх биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лабораторийн хамт олон коронавирусийн халдварын эсрэг биеийг илрүүлэх ФХЭБУ-н оношлуурыг бүтээсэн, оношлуурын үр дүнг харьцуулан судлах, мэдрэг болон өвөрмөц чанарын судалгаа хийгдэн, үр дүнг Эрүүл мэндийн яаманд танилцуулсан гэж сонссон. Яг үйлдвэрлэл хэзээ эхлэх, тухайн оношлуурыг бүтээх төсөв зэргийн талаар зохиогчдоос тодруулсан нь зөв болов уу. Ямартаа ч гадны өндөр үнэтэй урвалж оношлуураас үнэ өртөгийн хямд, өвөрмөц, мэдрэг чанар сайтай оношлуур гарч байгаа гэдэгт итгэж байна.  

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин