Испани үхэх эрхийг хуульчлав
2021-03-19

Гуравдугаар сарын 18-ны пүрэв гарагт Испанид эвтанази буюу эдгэршгүй хүнд өвчтөнийг өөрийнх нь болон гэр бүлийнхнийх нь хүсэлтээр, эмнэлгийн тусламжтайгаар нөгөө ертөнц рүү явуулах ажиллагааны тухай хуулийг баталжээ. Хуулийн төслийн төлөө 202 хүн саналаа өгсөн бол Ногоон нам, барууны популист "Дуу хоолой" нам болон хоёр жижиг намын төлөөллөөс бүрдэх 141 гишүүн татгалзсан санал өгсөн байна.

 

Испанийн Эрүүл мэндийн сайд Каролина Дариасын өгүүлснээр "сайтар бодож боловсруулсан, бүхий л баталгааг олгох хуулийн тусламжтайгаар хүмүүсийг шаналлаас ангид байлгах" зорилгоор энэ санаачилгыг гаргасан гэнэ.

 

Хууль ирэх зургадугаар сард хүчин төгөлдөр болсноор Испанийн иргэд болох насанд хүрсэн, эдгэрэшгүй өвчинтэй хүмүүс сайн дураар хорвоогоос явах боломжтой болох аж. Тэр дундаа амиа хорлоход нь туслахаас гадна өвчтөний амь насыг эмнэлгийн оролцоотойгоор таслах ажиллагааг ч зөвшөөрсөн байна. 

 

Хуулинд тусгаснаар эдгэрэшгүй хүнд өвчинтэй хүн эмч, хуульч болон комиссийнхныг оролцуулсан хэд хэдэн шат явцыг давж, нийтдээ дөрвөн удаа эвтаназийн хүсэлт гаргах ёстой гэнэ. Үүний зэрэгцээ эмчлэгч эмч болон өвчтөнийг асарч байгаа мэргэжилтнүүд өвчтөнтэй санал нийлэхгүй, сайжрах боломжтой гэж үзвэл өвчтөний саналд татгалзах эрхтэй юм байна.

 

Одоогийн байдлаар дэлхийд Нидерланд, Бельги, Люксембург, Канад, Португали улс үхэх эрхийг хуульчилсан байдаг юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин