Еврокомиссар: Европын холбоонд "Спутник V" хэрэггүй
2021-03-22

Европын холбоо "Спутник V" вакцинаар дутахгүй гэнэ. Ийм мэдэгдлийг ням гарагт Европын холбооны Дотоод зах зээлийн асуудал хариуцсан Еврокомиссар Тьерри Бретон TF1 телевизд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.

 

"Гуравдугаар сараас зургадугаар сарын хооронд бид 300-500 сая тун вакцин Европ руу нийлүүлнэ. Эм бэлдмэлийн зохицуулах газруудаас зөвшөөрөгдсөн вакцин хамгийн их байгаа тив нь Европ. Бид вакцин үйлдвэрлэлийн тал дээр тэргүүлж байгаа. Бидэнд "Спутник V" хэрэггүй. "Спутник V" вакцины тухайд гэвэл оросууд түүнийгээ үйлдвэрлэхэд асуудалтай тулгарч байгаа, тэдэнд тусламж хэрэгтэй бол бид оны хоёрдугаар хагаст энэ талаар бодолцох байх. Гэхдээ одоо нэн тэргүүнд европчуудаа анхаарна" хэмээн Тьерри Бретон мэдэгджээ.

 

Тэрбээр вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэж, зөвшөөрөгдсөн вакцинуудыг хуваарилах шаардлагатайг онцолсон байна. Мөн долдугаар сарын 14 гэхэд Европд коронавирусийн сүргийн дархлааг бий болгох боломжтой гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин