Австралид 50 жил тохиогоогүй их үер буужээ
2021-03-22

Австралийн дорнод эрэг дагуу аадар бороо орсны улмаас зарим бүс нутагт сүүлийн 50 жил тохиогоогүй их үер буусан талаар ням гарагт тус улсын эрх баригчид мэдээлснийг ВВС агентлаг дамжуулсан байна. 

 

Австралийн хүн ам хамгийн шигүү суурьшсан муж болох Шинэ Өмнөд Уэльс (shuud.mn: энэ муж 8 сая гаруй хүн амтай) мужийн Ерөнхий сайд Глэдис Бережикляны мэдэгдсэнээр анх тооцоолж байснаас нөхцөл байдал нэн хүндэрсэн байна. 

 

"Өчигдөр бид 20 жилд нэг тохиодог шиг үйл явдал болох нь гэж таамаглаж байсан ч өнөөдрийг харахад 50 жилд тохиогоогүй их гамшиг болж байна" хэмээн тэрбээр мэдэгджээ.

Улмаар Сиднейн зүүн өмнөд хэсгийн зарим бүс нутгуудаас хүмүүсийг шөнө дунд гэрээсээ явахыг сануулсан бөгөөд усны урсгал асар их эвдрэл, гэмтэл дагуулсан байна. Үерийн гамшгийн улмаас 1000 орчим хүн нүүлгэн шилжүүлэхэд тусламж үзүүлэхийг хүссэн бол 4000 хүн орон гэрээ орхихоос аргагүй болжээ.

 

Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн дүрс бичлэг, зургуудаас харахад үерийн ус замдаа таарсан байшин, замыг эвдэн, мод бутыг үндсээр нь булгалж, замын дэд бүтцийг эвдэж байсан аж. Австралийн аврах албаныхны мэдээлснээр "олон зуун байшин барилга" эвдэрсэн гэнэ. Муж даяар томоохон замуудыг хааж, дунд сургуулиудын даваа гарагийн хичээлийг цуцалжээ.

Цаг уурчдын мэдээлснээр аадар бороо дахин хэдэн өдрийн турш үргэлжлэх төлөвтэй гэнэ. Ослын бригадууд пүрэв гарагт бороо орж эхэлснээс хойш нийтдээ 6000 дуудлага хүлээн авч, 700 гаруй тохиолдолд газар дээр нь аврах ажиллагаа гүйцэтгэсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин