Сэлэнгэ аймагт халдварын голомттой газраас ирэх хөдөлгөөнд хязгаарлалт тогтоолоо
2021-03-24

 

Коронавируст халдварын батлагдсан тохиолдол аймаг орон нутагт дамжин тархаж нөхцөл байдал хүндэрсэн тул аймгийн Онцгой комиссын 2021 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн XIX хуралдаанаар хэлэлцээд коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт халдварын голомт бүхий орон нутгаас ирэх иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 03 дугаар сарын 26-ны өдрийн 06:00 цаг хүртэл хязгаарлалт тогтоохоор боллоо.

 

-Сумдын Онцгой комисс халдварын голомт бүртгэгдсэн бүс нутгаас ирэх Сэлэнгэ аймагт оршин суух байнгын бүртгэлтэй иргэдээ коронавируст халдварын PCR-ын шинжилгээний 72 цагийн хүчинтэй хариуг үндэслэн нэвтрүүлэх ба нэвтрэх үед нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээг авч, гэр бүлийн гишүүдийн хамт гэрийн ажиглалтад 7 хоног тусгаарлан ажиглах дэглэмийг мөрдүүлэхээр болов.

 

-Сумдын орох гарах чиглэлийн хяналтын цэгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, бэлэн байдлыг хангаж, хяналт, шалгалтыг чангатгах, эрүүл бүс нутгаас болон аймаг дотроо зорчиж буй иргэдийг эрүүл мэндийн асуумж, нэвтрэх зөвшөөрлийг үндэслэн, бүртгэл судалгаа хийж нэвтрүүлэх, түүнд хяналт тавьж ажиллахыг сумдын Онцгой комисст даалгалаа.

 

-Харилцаа холбоо, шуудан, эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа, хүнс, шатахуун түлш болон өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт, оршуулгын үйл ажиллагааны хөдөлгөөнийг зөвшөөрч, тогтоосон дэглэм журмын хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо гэж  Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын газраас мэдээллээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин