Томууны вакцин COVID-19 халдвар авах эрсдлийг бууруулдаг
2021-03-25

Томууны вакцин коронавирусээс сэргийлэх дархлаа үүсгэдэг байсан бол дэлхий даяар шинэ вирусийн вакцин гарган авах шаардлага байхгүй ч  байсан байж мэднэ. Гэхдээ сүүлийн үед гарсан зарим судалгаагаар томууны вакцин хийлгэсэн хүмүүс коронавирусийн халдвар авах эрсдэл тун бага байгаа гэсэн дүн гарчээ. Коронавирусийн халдвар авсан ч өвчин нь хүндрэхгүй, хөнгөн хэлбэрээр туссан байна. 

 

Тухайлбал, Мичиганы их сургуулийн судлаачид 2020 оны гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд Анагаах ухааны төв дээр коронавирусийн шинжилгээ өгсөн 27 000 гаруй өвчтөний мэдээллийг судалжээ. Эндээс ердөө 4.5 хувь нь буюу 1218 шинжилгээний хариу л эерэг байсан аж. Үүний дараа эрдэмтэд тухайн хүмүүс жилийн дотор томууны вакцин хийлгэж байсан эсэхээс хамаараад шинжилгээ өгсөн хүмүүсийг хоёр бүлэгт хуваажээ. 

 

Томуугийн вакцин хийлгээгүй 14 000 өвчтөнөөс 5 хувь нь коронавирусийн халдвар авсан бол томуугийн вакцин хийлгүүлж байсан хүмүүсийн 4 хувь нь вирусийн халдвар авч байсан гэнэ. Ердөө нэг хувийн зөрүү гарч ирсэн ч судлаачид томуунаас сэргийлэх вакцинжуулалт коронавирусээс сэргийлэхэд багахан хэмжээнд ч нөлөөлдөг гэж үзжээ.

 

Өөр төрлийн судалгаануудаас ч ийм дүгнэлт харагдаж байгаа аж. Тухайлбал Америкийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар томууны вакцин тариулсан хүмүүс коронавирус туссаны дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, өвчин хүндрэх нь бага байсан гэсэн дүгнэлт гарчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин