Байден: Хятад, Ираны түншлэлийн харилцаанд санаа зовниж байна
2021-03-29

Гуравдугаар сарын 27-ны өдөр Иран, БНХАУ түншлэлийн харилцааны гэрээ байгуулсан. Харин энэ түншлэл нь АНУ-ын санааг зовоож байгаа гэнэ. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ мэдэгджээ. 

 

"Бээжин, Тегераны хоорондын түншлэл"-ийн талаар ямар байр суурьтай байгаа талаар сэтгүүлчид асуухад "олон жилийн туршид санаа зовниж байгаа" хэмээн Жо Байден хариулжээ.

 

Энд дуулгахад, Иран, Хятад улс бүх талын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан юм. Тодруулбал, гуравдугаар сарын 27-ны өдөр Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф болон БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар Тегеран хотноо "улс төр, стратеги, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр"-т гарын үсэг зурсан. Энэ хэлэлцээр 25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх юм. 

 

Энэ гэрээ нь "Иран-Хятадын харилцааг гүнзгийрүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлнэ" гэж Ираны Гадаад хэргийн сайд мэдэгдсэн бол Хятад улс энэхүү гэрээг "Шинэ торгоны зам" төслийг хэрэгжүүлэх "Бүс ба зам" стратегийн нэг хэсэг хэмээн үзэж байгаа аж.

 

Өнөөдрийн байдлаар БНХАУ Ираны хамгийн чухал худалдааны түншид тооцогдож байна. 2018 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Дональд Трампын удирдлаган дор АНУ Ирантай хийсэн цөмийн хэлэлцээрийг мөрдөхөөс дангаар татгалзаж, Ираны эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлснээс хойш Хятад улс Ираны газрын тосны хамгийн том худалдан авагч болсон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ataarhuu agluu shig
2021-03-29