ДЭМБ: Коронавирус Уханийн лабораториас алдагдаагүй
2021-03-29

Хятадын Ухань хотын лабораториос шинэ төрлийн коронавирус алдагдаж, улмаар дэлхий даяар тархсан гэсэн таамаглал магадлал багатай гэж ДЭМБ-ын шинжээчид үзэж байгаа гэнэ. Ийм дүгнэлт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Хятадын эрдэмтдийн илтгэлд багтсан гэж Ассошейтед Пресс агентлаг мэдээлжээ. 

 

Коронавирусийн үүслийг судлахаар Ухань хотод ажилласан ДЭМБ-ын шинжээчдийн илтгэл нийтлэгдэх хугацаа удаа дараа хойшлогдож байсан юм. Харин хэдхэн хоногийн өмнө ДЭМБ-ын шинжээчдийн багийн ахлах мэргэжилтэн Питер Бен Эмбарек "баримт бичиг дээр ажиллаж бараг дууссан, одоо алдаа бий эсэхийг хянаж байгаа" хэмээн мэдэгдсэн байна. 

 

Эцэслэн батлагдаагүй илтгэлд дурдсанаар шинжээчид коронавирус тархсан байж болзошгүй дөрвөн хувилбарыг авч үзжээ. Үүнээс, Уханийн лабораториос алдагдсан гэсэн хувилбар магадлал багатай гэж үзсэн бол хөлдөөсөн хүнсний бараагаар дамжсан гэх хувилбар байх боломжтой ч мөн л магадлал багатай гэж дүгнэсэн байна. 

 

Харин сарьсан багваахайнаас вирус хүнд дамжих хувилбарыг илүү магадлалтай гэж үзсэн байна. Гэхдээ эрдэмтдийн үзэж байгаагаар, сарьсан багваахайнаас илэрсэн коронавирус болон COVID-19-ийн хоорондын "хувьслын зай" хэдэн арван жилээр үнэлэгдэх гэнэ. Тиймээс хоёрдогч амьтнаар дамжин энэ вирус хүнд халдсан гэх хувилбарыг илүү магадлалтай гэж илтгэлд өгүүлжээ. 

 

Ингээд лабораториос алдагдсан гэдгээс бусад боломжит бүх хувилбарыг цаашид үргэлжлүүлэн судлах шаардлагатай гэж шинжээчид үзэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин