Байден: Ирэх сарын дунд үе гэхэд хүн амын 90 хувийг вакцинжуулна
2021-03-30

Дөрөвдүгээр сарын 19 гэхэд АНУ-ын насанд хүрсэн хүн амын 90 хувийг вакцинжуулах боломжтой, гэсэн ч цар тахалтай тэмцэх ажил дуусаангүй байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ. 

 

"Манайд вакцинжуулалтын ажилд дэвшилт гарч байгаа ч коронавирусийн тохиолдлын тоо нэмэгдэж, вирус улам илүү олон газарт тархаж байна. Ердөө гуравхан долоо хоногийн дараа, дөрөвдүгээр сарын 19 гэхэд манай улсын насанд хүрсэн хүн амын 90 хувийг вакцинжуулсан байна гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна" хэмээн Байден мэдэгджээ. Түүнчлэн насанд хүрсэн хүн амын дийлэнхийг вакцинжуулахад шаардлагатай эм бэлдмэлийн нөөц байгааг онцолсон байна.

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр, дөрөвдүгээр сарын 19 гэхэд америкчуудын 90 хувь нь гэртэйгээ ойр вакцинжуулалтын цэгт очин, тариулах боломжтой болох гэнэ. Одоогоор вакцинжуулалтын 17 мянган цэг ажиллаж байгаа бөгөөд энэ тоог 40 мянга болгон нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

 

Гэсэн ч энэ бүх амжилт нь тайвшрах шалтгаан биш гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үзэж байгаа аж.

 

"Бид энэ үхлийн аюултай вирустэй дайтсан хэвээр байна. Өдөр бүр мянга орчим америк хүн коронавирусийн улмаас нас барж байгаа" хэмээн Байден мэдэгджээ. Тиймээс хязгаарлалтын арга хэмжээг цуцлахыг яарахгүй байх, шаардлагатай бол амны хаалт зүүх журмыг дахин нэвтрүүлэхийг муж, хотын дарга нарт хандан уриалсан байна.

 

АНУ-ын зарим мужийн эрх баригчид амны хаалт зүүх журмыг цуцлан, байгууллагуудыг хэвийн ажиллахыг зөвшөөрсөн ч эмч нар энэ арга хэмжээнүүдийг хэт яарсан гэж анхааруулж байгаа юм. Цар тахал дэгдсэнээс хойш АНУ-д 30 гаруй сая хүн халдвар авснаас 549 мянган хүн нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Hudlaa medeelel bicheed bn daa . Bi end amidardag. 4 sariin 16 naas ehelj 16 deesh nasnii buh humuusiig tarij ehelne. Vaccine hangalttai bish bgaa. Odoogoor hun amiin 16% ni vaccine hiilgesen bgaa. Hedii vaccine hiine heed bgaa bolovch tsag avah geheer baihgui bgaa.
2021-03-30