Герман: Вакцин тариулсан хүмүүс давуу эрх эдэлнэ
2021-04-05

Германд коронавирусээс сэргийлэх вакцин тариулсан иргэд коронавирусийн шинжилгээний сөрөг хариуг гэрчлэх тодорхойлолтгүйгээр дэлгүүрээр явж, хөл хорионд орохгүйгээр аялж болно гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Йенс Шпан мэдэгджээ. 

 

"Вакцин тариулсан хүмүүс дэлгүүр эсвэл үсчний газраар үйлчлүүлж болно. Түүнчлэн Роберт Кохын хүрээлэнгийн үзэж байгаачлан, ийм хүмүүс хөл хорионд орох шаардлагагүй " хэмээн Германы Эрүүл мэндийн сайд мэдэгдсэнийг DW агентлаг дамжуулжээ. 

 

Йенс Шпаны онцолсноор эцсийн шийдвэр Германд коронавирусийн гурав дахь давалгаа дууссаны дараа гарах гэнэ. Түүнчлэн 15 хоногийн өмнө вакцин тариулсан хүмүүс коронавирусийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүмүүс болон шинж тэмдэггүй хүмүүсээс илүү аюулгүй гэж үзсэн Роберт Кохын хүрээлэнгийн судалгааг Эрүүл мэндийн сайд иш татжээ. 

 

Германд цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын тохиолдол 2,89 сая бүртгэгдсэнээс 2,58 сая хүн эдгэрч, 77 010 хүн нас барсан байна. Тус улсад 12 дугаар сарын 27-ны өдрөөс вакцинжуулалт эхэлсэн юм. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин