Египет: Суэцийн сувагт түгжрэл үүсгэсэн хэрэг хүний алдаанаас үүдэлтэй
2021-04-07

Суэцийн сувгийг гацаах шалтгаан болсон Эвер Гивен чингэлэг тээвэрлэгч хайргадсан явдал нь хүний алдаанаас үүдэлтэй гэнэ. Ийм байр суурийг сувгийн удирдах газрын дарга Усама Рабиа Японы телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр илэрхийлжээ.

 

"Жолоодох эсвэл хурд тохируулах үедээ онгоцны ахмад алдаа гаргасан байж болзошгүй" хэмээн Рабиа онцлоод болсон хэрэг хүний алдаанаас үүдэлтэй байх магадлалтай гэдгийг шинжилгээний дүн харуулж байгааг цохон тэмдэглэжээ.

 

Түүнчлэн хөлөг дээр удирдах газрын лоцман байсан ч болсон хэргийн төлөө Суэцийн сувгийн удидах газар ямар ч хариуцлага хүлээхгүй хэмээн цохон тэмдэглэсэн байна.

 

 "Лоцман зөвлөгөө өгдөг ч эцсийн шийдвэрийг ахмад гаргадаг. Манай зүгээс ямар ч алдаа гаргаагүй, тиймээс бид хариуцлага хүлээхгүй" хэмээн Усама Рабиа мэдэгджээ. 

 

Эргэн сануулахад, гуравдугаар сарын 23-ны өдөр Японы Shohei Kisen компанийн 400 метр урттай Эвер Гивен чингэлэг тээвэрлэгч хүчтэй салхины улмаас жолоодлогоо алдан хайргадаж, сувгийг бүхэлд нь хаасан юм. Хөлөг онгоцыг татаж гаргах ажилд зургаа хоног зарцуулсан бөгөөд энэ хооронд 400 гаруй хөлөг онгоц сувгаар нэвтрэх ээлжээ хүлээн, түгжрэл Энэтхэг хүрсэн байв. 

 

Суэцийн сувгийн удирдах газрын мэдэгдсэнээр, болсон хэргийг шалгах, нөхөн төлбөрийг төлөх хүртэл хугацаагаар Эвер Гивен чингэлэг тээвэрлэгчийг 3.5 тэрбум ам.долларын өртөг бүхий ачааных нь хамт саатуулсан байна. Хөлөг онгоц болон түүний эзэмшигчээс 1 тэрбум гаруй ам.долларын нөхөн төлбөр авна гэж Суэцийн сувгийн удирдах газар тооцоолж байгаа аж.

 

Суэцийн сувгийн түгжрэл: Өдөр бүр 10 тэрбум долларын зардал гарч байна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин