COVID-19: ОХУ хамрын цацлага хэлбэрийн вакциныг намар туршина
2021-04-12

ОХУ-ын А.А.Смородинцевийн нэрэмжит томууны эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнд коронавирусээс сэргийлэх хамрын цацлага хэлбэрийн шинэ вакцин боловсруулж байгаа бөгөөд ирэх намар туршихаар төлөвлөсөн талаар Интерфакс мэдээллээ. 

 

Шинэ вакцины үйлчлэх зарчим нь "Спутник V" вакцинтай адил бөгөөд мөн л вектор вакцин гэнэ. Энэ вакциныг бүтээхэд А бүлгийн томууны вирусийг авч, энэ вирус нь дамжуулах хэрэгсэл болох гэнэ. Томууны вирусийн геномд коронавирусийн тодорхой уургийг нийлэгжүүлэх хэсгийг залгасан байна. Вакцинжуулалтыг хийсний дараа бие организм коронавирусийг эсэргүүцэх эсрэг биетүүдийг боловсруулж эхлэх аж. 

 

Томууны эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн захирал Дмитрий Лиозновын өгүүлснээр вакцинд томууны вирус ашигласан гэдэг нь томуу эсвэл коронавирусийн халдвар авна гэсэн үг огт биш гэнэ. Ийм халдваруудыг авах ямар ч боломжгүй гэдгийг тэрбээр онцолжээ. Вакциныг хамрын цацлага хэлбэрээр гаргах болсон нь давуу тал бөгөөд агаар дуслын халдвар ордог "гол хаалга" болох хамар руу вакцин цацаж хэрэглэх нь үр дүнтэй гэж үзсэн байна.

 

Энэ вакцин эмнэлзүйн туршилтын өмнөх шатандаа явж байгаа аж. Бүх ажил төлөвлөсний дагуу үргэлжилвэл ирэх өвөл гэхэд иргэд энэ вакциныг ашиглан коронавирусээс хамгаалах боломжтой болох гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин