Британи хөл хориогоо сулруулав
2021-04-12

Үндэсний хэмжээний хөл хорионоос аажмаар гарах Засгийн газрын хуваарийн дагуу дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Их Британид хязгаарлалтуудыг цуцлах дараагийн үе шат эхэлж байна. Ингэснээр барааны дэлгүүрүүд, үсчин, гоо сайхны салон, спорт танхим, амьтны хүрээлэн, цэнгэлдэх хүрээлэн, авто кино театр болон номын сангууд нээгдэх юм. 

 

Түүнчлэн, зоогийн газар болон уушийн газрууд гадаа талбайд зассан ширээн дээр үйлчлүүлэгчдийг хүлээн авах боломжтой болжээ. Британийн хэвлэлүүдийн мэдээлснээр, зоогийн газрууд нээгдэхээс долоо хоногийн өмнө л урьдчилсан захиалгууд дүүрсэн гэнэ. Нийтийн хоолны үйлчилгээний газруудыг "санагалзсан" олон мянган хүн дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хязгаарлалт цуцлагдахаар уушийн газарт суухын тулд өөртөө ширээ захиалсан гэж өмнө нь тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдэж байлаа.

 

Мөн өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ны даваа гарагаас эхлэн оршин суугчид айлд хонохыг зөвшөөрчээ. Түүнчлэн 30-аас дээшгүй хүн оролцсон оршуулгын ажил зохион байгуулахыг зөвшөөрсөн байна. Хэдийгээр хязгаарлалтуудыг ийнхүү цуцалж эхэлсэн ч зайнаас ажиллах, аялах, зорчих хөдөлгөөнөө багасгахыг зөвлөж байгаа аж.

 

Их Британийн эрх баригчдын мэдээлснээр, хязгаарлалт цуцлах дараагийн үе шат тавдугаар сарын 17-ны өдөр эхлэх юм. Энэ өдрөөс эхлэн уушийн газар, зоогийн газар, кино театр, зочид буудал, музей хэвийн үйл ажиллагаандаа орох аж. Мөн хөгжөөн дэмжигчид спортын арга хэмжээнд оролцож болохын дээр Их Британи бусад улс орнуудтай агаарын харилцаагаа сэргээж магадгүй гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин