Хөл хориотой ч хөдөлгөөн их байна
2021-04-13

 

Өдрөөс өдөрт халдварын нөхцөл байдал хүндэрч байна. Өчигдрийн байдлаар 704 тохиолдол батлагдан. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 15718 болжээ. Харамсалтай нь халдварын улмаас гурван хүн нас барж, нийт нас баралт 25 болсон.

 

Өнөөгийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Газрын дарга Л.Энхсайхан “Хөл хорио тогтоогоод шууд халдварын тохиолдол буурдаггүй. Өмнө нь халдвар авсан, нууц хугацаандаа байсан хүмүүс илэрдэг. Тиймээс халдварын тохиолдлын тоо нэмэгдэх тусам биеийн байдал хүнд хүмүүсийн тохиолдлын тоо нэмэгдэж байна. Хүнд хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэдэг нь нас барах эрсдэл нэмэгдэнэ. Архаг хууч өвчтэй, ахмад настай хүмүүс хүндэрсэн тохиолдолд нас барах эрсдэл үүсээд байна. Мөн улсын хэмжээнд  385  сэхээний ор бий. Гэтэл өнөөдрийн байдлаар 300 дахь ор руугаа орж  байгаа” гэж мэдээлсэн.

 

ЭМЯ-наас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүн хоорондын зай баримтлах, хатуу хөл хорины үед гэрээс гарахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгахыг өдөр бүр анхааруулж сануулж буй.

 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дөрөвдүгээр сарын 10-25-ны өдөр хүртэл 15 хоногийн хатуу хөл хорио тогтоогоод байгаа. Хөл хорионы үеэр баримтлах зарчмуудыг ч мөн иргэдэд танилцуулсан. Гэтэл монголын хууль гурав хоногтоо гэдэг шиг иргэд олноор гадуур явж, автобус бүтэн дүүргэлттэй зорчиж байна.

 

Өчигдөр цахим сүлжээнд “Дарга нарын цэцэн мэргэн шийдвэрээс болж халдвар улам тархах эрсдэл бий болж байна” гэсэн тайлбартайгаар “чиглэлийн автобусанд иргэд багтахгүй, шахаж ороод зорчиж буй” бичлэг нийтлэгджээ.  

 

Уг бичлэгийн сэтгэгдэл хэсэгт иргэд “хөл хорио тогтоох хэрэггүй байсан юм. Дахиад үр дүнгүй хорио боллоо” зэргээр өөрийн бодлоо хуваалцжээ. Харин албаныхны “Өчигдрийн байдлаар 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явсан. Мөн ачаалал үүссэн шалтгаан нь өглөөний нийт зорчигчдын 30 гаруй хувь нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байлаа. Энэ нь зорчих ёстой иргэд биш, зорчих ёсгүй иргэд нийтийн тээврээр зорчиж ачаалал үүсгэж байна гэсэн үг. Үүнээс болж, төлөвлөсний дагуу хүн хоорондын  зай барих боломж алдагдсан” гэж мэдээллээ.

 

Цар тахлаас үүдэн өмнө нь бид гурван удаагийн хатуу хөл хорио тогтоосон. Дархлаажуулалтын ажил хоёрдугаар сарын 23-наас эхэлж, дахин хөл хорио тогтоохгүй байх зорилт тавиад байсан ч нөхцөл байдал улам хүндэрсэн. Магадгүй энэ удаагийн хатуу хөл хорио хамгийн сүүлчийнх ч биш байж болох юм. Гагцхүү нийгмийн хариуцлагын хүрээнд иргэн та үүргээ ухамсарлаж, гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахаас 15 хоногийн хөл хорионы үр дүн шалтгаална.

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Bogdoo boob xairla gedeg ene xol xorio xorio bish bolson bnaa xo
2021-04-13
хөл хорио гэж шал худлаа нийтийн тээврээс л нэнэ өвчин халдаж байгаа тэг зогсож байж л энэ карантин үйлчилнэ дээд дарга гар учраа олохгүй уймраа чавганц нар болжээ
2021-04-13
Зочин:
Хуурамч үнэмлэх хир их бгаа нь харагдаж бна шүү дээ
2021-04-13