Орос Японоос тайлбар хүсэж байна
2021-04-14

2011 оны газар хөдлөлтийн улмаас осол болж байсан "Фукушима-1" атомын цахилгаан станцын усыг тэнгист цутгахаар болсон талаар Орос улс Японоос тайлбар хүлээж байгаа гэнэ. Энэ талаар Оросын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захаровагийн албан ёсны мэдэгдэлд өгүүлжээ. 

 

"Японы Засгийн газар мэдээллийг ил тод болгож, цацрагийн аюул учруулж мэдэх үйлдлийнхээ талаар зохих улс орнуудад мэдээлнэ гэж үзэж байна" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.

 

Түүнчлэн Токио асуудалд нухацтай хандаж, ус цутгаснаас үүдэх сөрөг нөлөөг багасгахын тулд бүхий л арга хэмжээг авна гэдэгт найдаж байгаагаа Оросын Гадаад хэргийн яам илэрхийлсэн байна. Ус цутгасан газарт цацрагийн хяналт хийхийг Япон зөвшөөрнө гэж үзэж байгаагаа мөн онцолсон байна. Мөн Япон улс атомын цахилгаан станцын усыг зайлуулах шийдвэр гаргахдаа хөрш орнуудтай зөвлөлдөөгүй гэдгийг Захарова цохон тэмдэглэжээ. 

 

Эргэн сануулахад, дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Япон улс "Фукушима-1" атомын цахилгаан станцын усыг далайд цутгахыг албан ёсоор зөвшөөрсөн юм. Станцын нутаг дэвсгэр дээр 1.25 сая тонн ус хуримтлагджээ. 2011 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Японы түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт болж, 9.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 40 гаруй метрийн өндөртэй цунами үүссэн юм. Энэ байгалийн гамшгийн улмаас "Фукушима-1" атомын цахилгаан станцад осол гарч, реакторын хөргүүрийн систем эвдэрсэн. Улмаар байгууламжийн битүүмжлэл алдагдаж, цацраг идэвхит бодис тархсан бөгөөд станцын орчмын нутаг дэвсгэрээс 300 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин