Путин генералуудаа халав
2021-04-14

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Росгвардын удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан зарлиг гаргасан талаар Лента.ру мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Үндэсний гвардын цэргийн ерөнхий командлагч, дэслэгч генерал Юрий Бабкин, Гэрээ эрхзүйн хэлтсийн дарга хошууч генерал Александр Школьников, Росгвардын Хойд Осетийн албаны хэрэг эрхлэх газрын дарга, хурандаа Эльбрус Рамонов нарыг ажлаас нь чөлөөлжээ.

 

Түүнчлэн, Росгвардын холбооны ерөнхий газрыг удирдаж байсан дэслэгч генерал Алексей Беляков, Бие бүрэлдэхүүнтэй ажиллах газрын дарга асан, дэслэгч генерал Николай Рябчиков, Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга асан дэслэгч генерал Вячеслав Савкин, Оросын Үндэсний гвардын Пермийн цэргийн дээд сургуулийн дарга, хошууч генерал Владимир Купавский нарыг халсан байна.

 

Коммерсант сонины бичсэнээр, генерал Купавскийн эсрэг авлига, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Дээр дурдсан генералууд өөрсдийн хүсэлтээр албаа орхисон гэж Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна. Гэхдээ тэд албаны удирдлагаас зохион байгуулсан шалгалтын дараа ийнхүү ажлаасаа гарах болсон гэж Коммерсант бичжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Мань мэт нь бол Росгвард гээч нь терийн эргэлт хийх гэж оролдож л гэж ойлгохоор юм байна доо
2021-04-14