"Зууны луйварчин" гэгдэх Мэдофф шоронд нас баржээ
2021-04-15

NASDAQ хөрөнгийн биржийн захирлуудын зөвлөлийн дарга асан, бизнесмен, "зууны луйварчин" гэгдэх Берни Мэдофф Америкийн шоронд 82 насандаа нас баржээ. Тэрбээр амьд ахуйдаа шоронгоос гарах ямар ч боломжгүй байлаа. 2009 онд шүүх түүнд 150 жил хоригдох ял оноосон юм. NBC агентлагийн мэдээлснээр, өмнө нь Мэдоффын өмгөөлөгчид түүнийг хавдар өвчинтэй хэмээн мэдээлж байсан аж.

 

Мэдофф түүхэн дэх хамгийн том санхүүгийн пирамид үүсгэсэн гэдгээрээ дэлхийд алдартай. Түүний компани Понци схемээр 40 гаруй жил ажилласан байна. Пирамид нурахад гурван сая орчим хүн хохирч, хохирлын нийт хэмжээ 17.5 тэрбум доллар болж байжээ. Санхүүгийн пирамидын улмаас мөнгөө алдсан зарим хүн амиа хорлож байсан гэдэг. 

 

Madoff Investment Securities компани дэлхийн хамгийн найдвартай, үр ашигтай хөрөнгө оруулалтын компаниудын нэгд тооцогдож байв. Энэ компанийн үйлчлүүлэгчдийн дунд томоохон банкууд, тэтгэврийн сан болон олон алдартан байжээ. Мэдоффын компани "амжилттай" байсан нь инсайдерын мэдээлэлд хүрэх боломжтой байсантай нь холбоотой гэж үздэг. 

 

2008 оны санхүүгийн хямрал түүний луйврыг ил болгожээ. Тухайн үед хэд хэдэн томоохон хөрөнгө оруулагч их хэмжээний мөнгийг нь эргүүлэн өгөхийг шаардахад Мэдофф энэ шаардлагыг биелүүлж чадаагүй байна. 

 

Мэдофф амжилттай бизнесмен төрхөө хадгалахын тулд багагүй цаг, мөнгө зарцуулээ. Тэрбээр музей, театр, буяны сан, улс төрчдийн сонгуулийн кампанит ажилд олон сая доллар хандивлан, элит клубуудын гишүүнээр элсэж, асар өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө, дарвуулт завь эзэмшдэг байж. Гэвч түүний хулгайлсан мөнгө аз жаргал авчирсангүй. Берни Мэдоффын нэг хүү нь эцгийг нь шалгаж эхэлсний дараа амиа хорлосон бол хоёр дахь хүү нь хавдрын улмаас нас барж, харин эхнэр нь түүнээс салжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Чимэддамба:
Дутуу орчуулжээ...
2021-04-16