Б.Гантулга: Архиар шараа тайлах нь донтсоны шинж
2021-04-16

 

Сүүлийн жилүүдэд иргэд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж байна. Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэн олон хүн эрүүл мэнд, санхүүгээрээ хохирдог. Тиймээс согтууруулах ундааны зүй зохистой хэрэглээ болон хэрхэн шартахгүй байх талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн  Амбулаторийн тасгийн эрхлэгч Б.Гантулгатай ярилцлаа.

 

Сайн байна уу? Шарталт гэж юуг хэлэх вэ?

 

-Сайн, сайн байна уу, Шарталт гэдэг нь спиртийн төрлийн ундаануудыг хэтрүүлэн хэрэглэсний дараа биед үүсч байгаа таагүй байдлыг хэлнэ. Толгой өвдөх, эргэх, дотор муухайрах, хоолонд дургүй болох, анхаарал сулрах, ам хуурайших, ядрах, сэтгэл түгших, ходоод гэдэсний зовиур илрэх гэх мэт олон шинжээр илэрч болно. Бие махбодид шарталт үүсч байгаа шалтгаанд ацетальдегид гэдэг бодис ихээр үүсч хуримтлагдах, бодисын солилцооны хүчилшил болох, шингэний дутагдалд орох, дархлалын тогтолцооны болон глюкозын солилцоо алдагдах зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлдөг. Согтууруулах ундааны гол үйлчлэгч бодис нь этилийн спирт байдаг. Мөн нэрэх, исгэх явцад метанол, ацетальдегид, ацетонууд гэх мэт бусад бодисууд үүссэн байдаг. Этилийн спирт болон бусад химийн нэгдлүүлийг элэг, элгэнд үүсдэг алкохол дегидрогеназа гэдэг фермент нь ацетальдегид болгон хувиргаж задалж, хоргүйжүүлэх үүрэгтэй эрхтэн. Гэхдээ энэ бодисын үүсэх хэмжээ хязгаартай. Тиймээс элэгний хоргүйжүүлж, задлах  чадвараас давсан хэмжээний спиртийн бүтээгдэхүүн хүний биед орохоор шарталтыг илүү үүсгэж байна гэсэн үг. Сонирхуулахад зарим судалгаагаар Зүүн Азийн орнуудын хүмүүс, Монголчуудад энэхүү фермент удаан, багаар үүсдэг гэж үздэг. Илүү амархан согтож, шартаж, хордоно гэсэн үг. Нөгөөтэйгүүр  спирт нь хүний биед байгаа усыг өөртөө татдаг тул шээс ихээр үүснэ. Согтууруулах ундаа хэрэглэж байгаа үед шээс ихээр хүрдэг. Учир нь хүний биед байгаа ус спиртэнд татагдаж, бөөрөнд ойр ойрхон шээс үүсдэг. Энэ нь тухайн үедээ биеийн шингэнээ ихээр алдаж байна гэсэн үг. Тиймээс шарталт гэдэг нь спиртийн хэрэглээ ихдэж,  хордуулагч бодисууд цусанд орсноос болон шингэний дутагдалд орсноор үүснэ гэсэн үг.

 

Тэгвэл ямар хүмүүс ихээр  шартдаг вэ?

 

-Элэгний хэвийн  үйл ажиллагаа нь тодорхой хэмжээгээр алдагдсан, хортой бодисыг шингээх, задлах, хоргүйжүүлэх чадвар нь муудсан хүмүүс ихээр шартдаг гэж ойлгож болно. Тухайлбал, удамшил, тодорхой элэгний өвчлөл байж болно. Элэг  тодорхой хугацаанд, тодорхой хэмжээтэй спиртийш хоргүйжүүлж байх үүрэгтэй. Эрүүл хүний элэг нэг цагийн хугацаанд 10 грамм хуурай спиртийг хоргүйжүүлэх чадавхтай гэж үздэг. Гэтэл зарим хүмүүс согтууруулах ундааг богино хугацаанд хэтрүүлэн хэрэглэж, элэгний ачааллыг хэт нэмснээс хоргүйжүүлэх чадвар нь  мууддаг. Тиймээс шарталт илүү үүснэ. Тэр тоолондоо элэг, цөс, ходоод, нойр булчирхайгаа эргэшгүйгээр гэмтээж эрүүл эсийг задалж байдаг.

 

Уусны маргааш шарталтыг 100 грамм ууж тайлдаг гэсэн. Энэ хэр үнэнтэй ойр вэ?

 

-Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээр элэг маш их ачаалалтай хононо. Өөрөөр бол цусан дахь химийн нэгдлүүдийг хоргүйжүүлэх ажил хийнэ гэсэн үг.  Гэтэл өглөө нь өлөн дээрээ дахин согтууруулах ундаа хэрэглэхээр маш их ачаалал нэмж гэмтээж байна гэж ойлгох хэрэгтэй. Мөн хоол боловсруулах замын бүх л эрхтэн цочирч, гэмтэж байдаг. Этилийн спирт, метилийн спирт хоорондоо эсрэг үйлчлэлтэй. Тиймээс зарим тохиолдолд  хордлогыг богино хугацаанд багасгасан мэт мэдрэмж төрж болно. Мөн этилийн спирт хүний зүрх судасны үйл ажиллагааг бага зэрэг сэргээж өгдөг. Зүрхний шахалтыг сайжруулж, судсыг бага зэрэг өргөсгөнө. Ингэхээр тухайн үед түр зуур бие тайвширч эргэн согтох мэдрэмж төрөхийг шар тайлах  гэж хэлдэг. Гэвч энэ нь дараа нь илүү хортой  дагаварт хүргэнэ.Зөвөөр бодож үзвэл элэг маш их хордсон маш их ачаалалтай, усгүйжсэн үед хор нэмж ууж байна гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс архи уусны маргааш дахин архи уух гэдэг нь элгийг болон бусад эрхтнийг улам ихээр гэмтээж байна гэдгийг ойлгоорой. Мөн архи согтууруулах бүтээгдэхүүн нь дасал, шунал үүсгэж, донтуулдаг. Шар тайлах нь донтолт үүсгэнэ. Шар тайлж байгаа хүн бол архинд донтолтох өвчнөөр нэгэнт өвдсөн байна гэж Наркологийн эмч нар үздэг.

 

Уухын өмнө хооллосон байвал шартах нь бага байдаг гэсэн үү?

 

-Өлөн байх үедээ архи уух нь ходоодны ханыг маш ихээр түлж гэмтээхээс эхлээд  нойр булчирхайн шүүрлийг ихээр ялгаруулах, цөсний замын хямрал үүсгэх, цааш олон дахин давтагдвал ходоодны шарх, нойр булчирхайн цочмог үрэвсэл гэх мэт хүнд, хурц өвчнүүдийг үүсгэнэ. Тиймээс тодорхой хэмжээгээр хоол идсэн байх хэрэгтэй. Хэзээ ч өлөн согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Өмнө хэлсэнчлэн согтууруулах ундаа хэрэглэж байх үедээ ус сайн уух нь маргааш нь үүсэх шингэний дутагдлаас сэргийлж чадна.

 

Шартсан үед халуун ногоотой бэлэн хоол идэх хүсэл төрдөг нь ямар учиртай вэ?

 

-Спирт хэрэглэсэн үед ходоод цочирдсон, салст эмзэгшсэн байдаг. Энэ үед халуун ногоо идэж болохгүй. Монгол хүнд халуун ногоо зохимжтой хүнс биш.  Халуун ногооны халуун чанар ходоодонд сөрөг нөлөө үзүүлнэ. Халуун ногоо идсэний дараа хөлс ялгардаг. Энэ нь бие тайвширч байгаа юм шиг мэдрэмж авч байгаа ойлголт.

 

Согтууруулах ундаа хэрэглэхээс өмнө кондишн уух нь хэр зохимжтой вэ?

 

-Согтууруулах ундаа уухын өмнө болон дараа хэрэглэдэг бүтээгдэхүүн. Тухайн үйлдвэрлэгч ямар найрлагатай хийсэн гэдгээс хамаарна. Бид сайн эсвэл муу гэж хэлэхэд хэцүү. Иргэд ямар нэгэн бүтээгдэхүүний найрлагыг сайтар анзаарч байх хэрэгтэй.

 

Архи, шар айраг, виног ижил хэмжээтэй уухад алийг нь уувал бага шартах вэ?

 

-ДЭМБ-аас согтууруулах ундааны зүйлийн зохист буюу зөвшөөрөгдөх хэрэглээг тогтоож өгсөн. Тодруулбал, алкохол ямар хэмжээгээр агуулсан ямар төрлийн согтууруулах ундаа гэдгээс хамаарч хэдэн миллилитрийг, нэг нэгж гэж үзэх талаар заасан байдаг. Жишээлбэл, 40% алкогольтой виски 25 миллилитрийг, 13 хувийн алкохолтой улаан дарс 76 миллилитрийг,  4 хувийн алкохолтой шар айрагны 250 миллилитрийг,  38 градустай цагаан архины 35 миллилитрийг тус тус нэг нэгж үздэг.

 

24 цагийн хугацаанд эрэгтэй хүн 3-4 нэгж, эмэгтэй хүн 1-2 нэгж согтууруулах ундаа хэрэглэж болно. Гэхдээ 7 хоногт 3-4 удаад энэ хэмжээгээр хэрэглэж болно гэж зөвлөдөг. Түүнээс илүүг хэрэглэх нь буруу. Гэхдээ энэ мэдээллээрээ хүмүүсийг өдөрт заавал ийм хэмжээгээр алкохол хэрэглэхийг зөвлөөгүй гэдгийг ойлгоорой.Хэрвээ хэрэглэвэл энэ хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг хичээгээрэй гэсэн үг. Харин танд элэгний ямар нэг өөрчлөлт, өвчлөл байгаа бол алкохол хэрэглэхээс бүрэн татгалзахыг зөвлөж байна.

 

М.Насан

 

Shuud.mn
Сонин хачин