Мэйдоффын сургамж
2021-04-16

 

Бөрнард Мэйдофф нас баржээ. 60 гаруй тэрбум долларын хохирол,150 жилийн ялтай гэмт хэрэгтэн 83 насандаа энэ хорвоогоос явав.

 

Тэрээр олон хүн, компаниудыг өчнөөн арван тэрбум доллараар хохироосон. Түүнээс гадна нийтэд ихэд түгээмэл бизнесмэнүүдийг дайсан мэт үзэн ядах санааг улам өрдөх шалтаг болсон нүгэлтэй. Бизнесмэнүүдийг хувиа хичээсэн шунахай гэж буруутгадаг. Одоо ч бид таалан үздэг, гол дүрүүдийн үгээс нь эш татах дуртай “Тунгалаг Тамир” киноноос аваад хувиа хичээсэн, бүтээлч хүнийг сөрөг дүр болгосон контент дүүрэн.

 

Мэйдофф хувиа хичээсэн үү, хичээсэн. Гэхдээ бусдыг хохироож, золиосолсон. Хожмын нэг өдөр хүний хараал иднэ гэж бодсон болов уу? Санхүүгийн луйвар нь нурж унахад ”Намайг зургаа юм уу, найман жилийн өмнө барьчихгүй яав даа” гэж харамссан гэдэг.

 

Мэйдофф понзи гэгддэг луйварын пирамид босгосон. Монгол пирамидын жишээ зөндөө бий. “Жавхланг бадруулагч”, хадгаламж зээлийн хоршоогоор эхлээд сүүлийнх нь G Time гэх мэт жишээ дүүрэн бий.

 

Ашгийн төлөө ажил эрхлэх нь зөвхөн хувиа бодсоны илрэл. Хувиа бодсон бол шуналтай гэдэг. Стив Жобс, Мэйдофф хоёр хэн нь ч шуналтай, хувиа бодсон ашиг олох гэж явсан бизнэсмэнүүд. Энэ хоёрын хоорондох асар том ялгааг юугаар олж мэдэх вэ гэдэг асуулт гарна. Тэр нь бизнесээ ёс суртахуунтай хийж байна уу гэдгээр л тайлбарлана. Бүх бизнесмэн ёс зүйгүй юу? ”Мөнгө хийгч” ба “мөнгө хусагч” хоёр өөр. Бизнесийн философитой бол хулхидахгүй, худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй. Философитой бизнесмэн зарчимтай байдаг. Зарчимтай учраас тууштай, бардам, өөрийн үнэ цэнэ мэддэг байдаг.

 

Ёс зүйгүй нь таарснаа хусдаг. Өлөн гэж... Бүгдийг нь нэг хайрцагт чихэлгүй бие биеэс нь ялгаж салгаж харах хэрэгтэй. Сурсан эрдэм чадал, явсан замнал, мөнгөжсөн аргыг нь хар.

 

Мөнгөний урсгал бол нийгмийн барометр. Мөнгө хаанаас хааш урсаж буйг хар. Мөнгө гагцхүү тодорхой нөхцөл байдалд л үнэ цэнтэй. Бусдыг хохироохгүй, бүтээлч замаар олж авсанд мөнгө үнэ цэнтэй байдаг. Мөнгө хүнээс нэр төрөө алдахгүйгээр мөнгө хийж, хадгалах, өсгөж үржүүлэх тэмүүлэл шаарддаг.  Та өөрийгөө бизнесмэн гэж хэлж чадах уу? Тэр мөнгийг хийхдээ бусдыг хохироогоогүй гэж нүүр бардам хэлэх үү? Би биш бол хэн нэг нь хийх л байсан гэдэг бол зөвтгөл биш.

 

Тусгай сангаас авсан зээл, урамшуулал, төрийн захиалсан зам, барилга, засвар, малын вакцин, худалдан авалт гээд бөөн бөөн шахаа,чанаргүй гүйцэтгэлтэй тендер, концесс захаас аван замаар нэг.

 

Авилга, хахууль, давуу байдал хууль бусаар олж авсныг нь бид "том гарууд” гэж боддог. Томоороо бахархаж, топ зууд багтах гэж уралддаг. Гэтэл маш жижиг жишээнээс л ёс зүйн босгыг давж байдаг гэдгийг анзаардаг уу.

 

Чөлөөт эдийн засагт хэн баяжихыг зах зээл шийддэг. Бидэнд хэрэгтэй, ашиг тустай бараа үйлчилгээ санал болгосон хүнд бид сайн дураар мөнгөө өгч эдийн засгийн амьдралд оролцдог. Харин эрхтэн дархтан тэр мөнгөний урсгалыг чиглүүлэн, зохицуулж байвал буруу гэсэн үг. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ.

 

Чөлөөт зах зээл дээр ухамсартайгаар хувиа хичээх зарчмыг зөрчсөн компани яваа яваандаа амаараа шороо үмхдэг гэдгийг Мэйдофф бидэнд тодорхой харуулсан. Бөрнард Мэйдофф насан эцэслэж, нарт хорвоог орхин одов. Харин Мэйдоффтонгууд бидэнтэй нэг гудамжинд нэг бусаараа үлдэв.                            

 

  М.Уламбадрах

Shuud.mn
Сонин хачин