Навальныйд олон улсын хүний эрхийг хамгаалагчдын шагнал олгоно
2021-04-20

Өдгөө хоригдож буй Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальный хүний эрхийн салбар дахь нэр хүнд бүхий олон улсын шагналын эзэн болсон талаар DW мэдээлжээ. Оросын эрх баригчид хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаад анхаарал хандуулахад чиглэгдсэн Навальныйн "эр зориг, баатарлаг хүчин чармайлтын төлөө" шагналыг олгож байгаа гэж Женевийн хүний эрх, ардчиллын форум мэдэгдсэн байна. 

 

Шагналыг зургадугаар сарын наймны өдөр гардуулах бөгөөд хоригдож байгаа улс төрчийн өмнөөс түүний охин 20 настай Дарья Навальная гардан авна гэж эх сурвалж мэдээлжээ. Навальныйн ойрын хамтран зүтгэгчдийн нэг Леонид Волков шагнал гардуулахаар болсон тухай шийдвэрийг дэмжин, Навальный "амьдралынхаа хамгийн хүнд сорилтыг туулж буй тэр мөчид" олон улсын зүгээс түүний ёс суртахууны зоригийг үнэлж байгаа нь нэн чухал хэмээн мэдэгдсэн байна. 

 

"Алексейн үйл хэргийг олон улсын хүний эрхийг хамгаалах нийгэмлэгийн зүгээс дэмжиж байгаагийн нэн чухал илрэл гэж бид энэ шагналыг үзэж байна" хэмээн Волков онцолжээ. 

 

Женевийн хүний эрхийн форумд хүний эрхийг хамгаалах 25 төрийн бус байгуулага багтдаг бөгөөд жил бүр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах салбарт шагнал гардуулдаг уламжлалтай юм.

 

Алексей Навальныйн хэрэг

Алексей Навальный "Новичок" бодисоор хордсоныхоо дараа Германд эмчилгээ хийлгүүлж байгаад, Орос руу нэгдүгээр сарын 17-ны өдөр буцан очсон өдрөө нисэх буудлаас баривчлагдсан юм. Хоёрдугаар сарын хоёрны өдөр Москвагийн шүүх түүний "Ив Роше"-ийн хэргээр авсан тэнсэн харгалзах ялыг биеэр эдлэх ял болгон өөрчилсөн. Ингэснээр гэрийн хороинд байсан хугацааг хасаж, Навальный хоёр жил зургаан сарыг шоронд өнгөрүүлэх болсон юм. 

 

Гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Навальный өөрийг нь эмчид үзүүлэхгүй байгааг эсэргүүцэн өлсгөлөн зарласан байна. Түүний хамтран зүтгэгчид болон өмгөөлөгчид нь Навальныйн бие муудсан, шаардлагатай эм тариа оруулахгүй байгаа талаар удаа дараа мэдэгдэж байлаа. Мөн хорих газрын ажилтнууд хүчээр хооллохыг завдсан гэж Навальный мэдэгдэж байв. Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр түүнийг хорих газрын нутаг дэвсгэр дээрх хоригдлуудыг эмчлэх эмнэлэгт шилжүүлсэн гэж мэдэгдсэн ч Навальныйн хамтран зүтгэгчид өөрсдөө холбоо тогтоотлоо үүнд итгэх аргагүй хэмээн мэдэгдсэн байна.

 

Европын холбоо, АНУ, Их Британи, Балтийн орнууд Навальныйд зохих ёсоор эмнэлгийн тусламж үзүүлэх, өмгөөлөгчидтэйгээ харилцахыг зөвшөөрөхийг Оросын эрх баригчдад хандан уриалсан юм. Харин АНУ Навальныйг нас барсан тохиолдолд "шангаа хүртэнэ" гэж Оросыг сүрдүүлж байв. 

Навальный хоригдохоор болж, эсэргүүцэл дахин дэгдэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ардчиллын төлөө тэмцэнэ гэдэг том зүрх зориг шүү. Манай Оросыг дагагчид колонийн боол байхдаа таарсан юмнууд Навальныд дургүй нь их хүрч байх шиг байна
2021-04-20
Зочин:
Энэ балай Навалныйгаа больчихвол яасийм бэ. Өөр өгчихөөр мэдээ зөндөө байгаа биз дээ
2021-04-20