Эрдэмтэд: Бохир орчинд шууд ариутгал хийх нь ямар ч үр дүнгүй
2021-04-20

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв гэрийн нөхцөлд болон объектуудад коронавирусийн халдвар тархахаас сэргийлэх тулд хэрхэн цэвэрлэж, ариутгахтай холбоотой шинэ зөвлөмж гаргажээ. Агентлагийн мэдээлснээр, саван болон угаагч шингэн ашиглан цэвэрлэгээ хийхэд хангалттай, харин гадаргуу дээрх вирусийг устгах гэж хичээн цацлага, ариутгагч бодис хэрэглэж цагаа үрэх хэрэггүй гэнэ. 
 

"Коронавирус тархах эрсдэлийг бууруулахын тулд саван болон угаалгын шингэн ашиглан тогтмол цэвэрлэхэд хангалттай. Гадаргууг зайлшгүй ариутгаад байх шаардлагагүй" хэмээн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирал Рошель Валенский Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 

 

Судалгаануудаас харахад саван болон ус нь вирусийг угаах, халдвараас сэргийлэхэд хангалттай гэдэг нь батлагдаж байгаа гэнэ. Харин үүнээс чухал нь олон нийтийн газарт амны хаалт зүүх, хүмүүстэй ойр харилцахаас зайлсхийх явдал гэж эрдэмтэд сануулж байна.

 

"Халдвартай гадаргууд хүрснээр халдвар авах боломжтой. Гэхдээ шинжлэх ухааны үүднээс ингэж халдвар дамжих эрсдэл нэн бага" хэмээн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдэгдсэн байна.

 

Ариутгал хийх нь вирусийг газар дээр нь устгадаг ч үнэндээ энэ ажил нэн шаардлагатай биш, ашиг тусаасаа илүү хохирол дагуулдаг хэмээн шижээчид үзжээ. Тодруулбал, эхлээд гадаргууг сайтар цэвэрлээгүй үед ариутгагч бодис ашиглах нь "ариутгалын бодис ихээр зарцуулагддаг"-ийн дээр нянгуудыг эргэн тойронд тараадаг аж. 

 

Түүнчлэн хэт ягаан туяаны цацраг, гэрлэн диод хөх туяа эсвэл ариутгагч хаалганууд зэрэг ариутгалын аргууд нь вирусийг үнэхээр  устгадаг гэдгийг батлах дорвитой баталгаа байхгүй гэж Америкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдэгджээ. 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин