Навальныйн дэмжигчид жагсаалд бэлдэж, эрх баригчид саад болохоор зэхэж байна
2021-04-21

Алексей Навальныйн дэмжигчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хуралд илгээлт өгөх өдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Навальныйг дэмжсэн жагсаал хийхээр төлөвлөж байна.

 

Навальный шоронд хоригдож байгаа бөгөөд түүний эрүүл мэнд муу байгаа тул ийнхүү дэмжигчид нь эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болжээ. Харин энэ жагсаалын эсрэг эрх баригчид шаардлагатай арга хэмжээ авч байгаа талаар DW мэдээлсэн байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 21-ний өглөөнөөс эхлэн Москва хотод Навальныйн дэмжигчид цуглахаар төлөвлөж буй Кремлийн ойролцоох гол гудамж, талбайг хаахаар болжээ. Ийнхүү хааж, хөдөлгөөн хязгаарлах болсон нь Путин Холбооны хуралд илгээлт гаргахтай холбоотой аюулгүй байдлыг хангах арга хэмжээтэй холбоотой гэж албаны эх сурвалжууд тайлбарласан байна. 

 

Түүнчлэн, "ВКонтакте" , "Одноклассники" зэрэг олон нийтийн сүлжээн дэх жагсаалд уриалсан постуудыг Холбоо харилцаа, мэдээллийн технологийн хяналтын холбооны албаны шаардсанаар устгаж байгаа талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. "Контент бүрт бидэнд маш их торгууль ногдуулна гэсэн. Ингээд албан хүсэлт ирсний дараа тухайн контентыг хязгаарлаж байгаа" хэмээн "ВКонтакте" олон нийтийн сүлжээний төлөөлөгч ТАСС агентлагт мэдээлжээ. 

 

Екатеринбург хотноо төв гудамжуудыг Навальныйн дэмжигчдийн жагсаалын үеэр хаахаар төлөвлөсөн байна. Мөн Краснодарын Лениний дүүргийн шүүх Навальныйн орон нутгийн штабын хоёр идэвхтнийг эсэргүүцлийн арга хэмжээг танилцуулсан ТикТок дахь дүрс бичлэгийн улмаас 8-10 хоног баривчлан саатуулахаар болжээ. 

 

Алексей Навальныйн хэрэг

Алексей Навальный "Новичок" бодисоор хордсоныхоо дараа Германд эмчилгээ хийлгүүлж байгаад, Орос руу нэгдүгээр сарын 17-ны өдөр буцан очсон өдрөө нисэх буудлаас баривчлагдсан юм. Хоёрдугаар сарын хоёрны өдөр Москвагийн шүүх түүний "Ив Роше"-ийн хэргээр авсан тэнсэн харгалзах ялыг биеэр эдлэх ял болгон өөрчилсөн. Ингэснээр гэрийн хороинд байсан хугацааг хасаж, Навальный хоёр жил зургаан сарыг шоронд өнгөрүүлэх болсон юм. 

 

Гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Навальный өөрийг нь эмчид үзүүлэхгүй байгааг эсэргүүцэн өлсгөлөн зарласан байна. Түүний хамтран зүтгэгчид болон өмгөөлөгчид нь Навальныйн бие муудсан, шаардлагатай эм тариа оруулахгүй байгаа талаар удаа дараа мэдэгдэж байлаа. Мөн хорих газрын ажилтнууд хүчээр хооллохыг завдсан гэж Навальный мэдэгдэж байв. Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр түүнийг хорих газрын нутаг дэвсгэр дээрх хоригдлуудыг эмчлэх эмнэлэгт шилжүүлсэн гэж мэдэгдсэн ч Навальныйн хамтран зүтгэгчид өөрсдөө холбоо тогтоотлоо үүнд итгэх аргагүй хэмээн мэдэгдсэн байна.

 

Европын холбоо, АНУ, Их Британи, Балтийн орнууд Навальныйд зохих ёсоор эмнэлгийн тусламж үзүүлэх, өмгөөлөгчидтэйгээ харилцахыг зөвшөөрөхийг Оросын эрх баригчдад хандан уриалсан юм. Харин АНУ Навальныйг нас барсан тохиолдолд "шангаа хүртэнэ" гэж Оросыг сүрдүүлж байв. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
дарангуйлагчид сөнөх цаг нь ирж бна даа, эрх чөлөөт орос
2021-04-21