"Фукушима-1" станцын усыг тэнгист асгахыг эсэргүүцсэн оюутнууд үсээ хусжээ
2021-04-21

Осол гарсан "Фукушима-1" атомын цахилгаан станцын усыг тэнгис рүү асгахаар шийдсэн Японы Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн Өмнөд Солонгосын 30 гаруй оюутан Сөүл дэх Японы Элчин сайдын яамны өмнө үсээ хусжээ. 

 

Өмнөд Солонгост коронавирусийн халдварын тархалттай тэмцэх зорилгоор жагсан цуглахыг хориглосон ч оюутнуудын жагсаал болсон байна. Энэ үеэр цагдаагийнхан байсан хэдий ч жагсаал цуглааныг албадан тараах гэж оролдоогүй хэмээн Ройтерс мэдээлжээ.

Эргэн сануулахад,  2011 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Японы түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт болж, 9.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 40 гаруй метрийн өндөртэй цунами үүссэн юм. Энэ байгалийн гамшгийн улмаас "Фукушима-1" атомын цахилгаан станцад осол гарч, реакторын хөргүүрийн систем эвдэрсэн. Улмаар байгууламжийн битүүмжлэл алдагдаж, цацраг идэвхит бодис тархсан бөгөөд станцын орчмын нутаг дэвсгэрээс 300 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлж байв. Энэ үеэс хойш атомын цахилгаан станцын реакторыг хөргөхөд ашигласан 1.25 сая тонн ус станцын нутаг дэвсгэр дээр хуримтлагджээ. Харин энэ усыг далайд цутгах шийдвэрийг Япон улс  дөрөвдүгээр сарын 13-ны өдөр гаргасан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин