ТЭД бол БИД
2021-04-22

1962 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жон.Ф.Кеннедигийн эгч Кеннеди Шрайвер өөрийн гэртээ оюуны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Кэмп Шрайверийг үүсгэн байгуулснаар Тусгай Олимпийн түүх эхэлжээ. Тусгай Олимп хоёр, хоёр жилээр өвөл, зуны наадам зохиогдог бөгөөд өдгөө дэлхийн 190 гаруй  орны зургаан сая гаруй тамирчныг нэгтгэсэн томоохон хөдөлгөөн болов.

 

 

БНСУ-ын Пёнчан хотод 2013 онд явагдсан Тусгай Олимпийн өвлийн наадамд манай улс анх удаа урилгаар оролцож дэлхийн наадмын гараагаа эхэлсэн. Мөн тухайн онд Монголын Тусгай Олимпийн Хороо байгуулагдсан түүхтэй. Өнгөрсөн найман жилийн хугацаанд нийт 2400 гаруй оюуны бэрхшээлтэй тамирчин, 100 дасгалжуулагч, 200 орчим сайн дурын ажилтан, 1800 гаруй эцэг эхийн төлөөллийг эгнээндээ багтаасан төрийн бус байгууллага болжээ. Мөн оюуны бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийг жилийн туршид тогтмол Тусгай Олимпийн төрлийн бүхий л спортоор хичээллүүлж, тэдний бие бялдрыг хөгжүүлэх, урам дэм өгөх боломжоор хангах зорилгыг эрхэмлэсээр ирсэн байна.

 

Хүүхэд, насанд хүрэгчид Тусгай Олимпийн хөдөлгөөнд хамрагдсанаар зөвхөн гэр бүл, сургуулийн хэмжээнд харьцах бус нийгэмтэй, олон улстай харилцах, танилцаж нөхөрлөх боломжтой. Өөрөөр хэлбэл Тусгай Олимп нь спортоос гадна хүүхдийг бүх талаас нь хөгжүүлэх өндөр ач холбогдолтой. Тухайлбал манай улс Тусгай Олимпийн Зүүн Азийн бүст багтдаг. Бүсийн манлайлагч тамирчныг гурван жилээр сонгодог бөгөөд манай улсаас анхны Тусгай Олимпийн медальт тамирчин Б.Элбэгзаяа Зүүн Азийн бүсийн элч төлөөлөгчөөр шалгарч байсан.

 

Харин 2021-2023 онд Тусгай Олимпийн Зүүн Ази бүсэд Элч тамирчнаар Мөнхбаатрын Билгүүн сонгогдож улсаа төлөөлөхөөр болжээ. Тэрбээр  Монголын Тусгай Олимпийн Хорооны манлайлагч тамирчин юм. Түүнтэй Б.Булган, Н.Эрдэм нар дэлхийн Тусгай Олимпийг зорих юм. Ингээд М.Билгүүн, Б.Булган, Н.Эрдэм нарын тамирчинтай ярилцсанаа хүргэе.

 

-Юуны өмнө манай уншигчдад өөрсдийгөө танилцуулахгүй юу?

 

 

-Сайн байна уу, намайг Наранбатын Эрдэм гэдэг. Би 19 настай. Монголын Тусгай Олимпийн Хорооны хөлбөмбөгийн дэмжин тоглогч. Мөн Дэрэн Хөлбөмбөгийн Клубын насанд хүрэгчдийн багийн тоглогч.

 

 

-Намайг Мөнхбаатарын Билгүүн гэдэг. Би Монголын Тусгай Олимпийн Хорооны манлайлагч тамирчин. Би 23 настай. Анх 2019 оны зургаадугаар сард Монголын Тусгай Олимпийн Хорооны үйл ажиллагаануудад оролцож эхэлсэн. Би фитнессээр хичээллээд 4 жил болж байгаа, 11-р хорооллын Proteam Fitness-д явдаг. 2020 оны Бодибилдингийн Улсын Аваргаас мөнгөн медаль хүртсэн.

 

 

-Намайг Баярсайханы Булган гэдэг. Анх 2015 онд Монголын Тусгай Олимпийн Хороонд сайн дурын ажилтнаар ажиллаж эхэлсэн. Одоо Залуу манлайлагч хөтөлбөрийг хариуцаад явж байгаа. Мөн 23 настай, сагсан бөмбөг тоглох дуртай.

 

-Монголоос зүүн Ази бүсийн Элч тамирчдын төлөөлөлд багтжээ. Элч тамирчныг хэрхэн сонгодог тухай тодорхой мэдээлэл өгч болох уу?

 

Б.Булган: Тусгай Олимпийн Зүүн Ази бүсэд Элч тамирчны төлөөлөл бүрэлдэхүүн байдаг. Эдгээр тамирчин нь бүс болон улсаа төлөөлж хуралд оролцож, нийт тамирчдын төлөө хэлэлцүүлэг өрнүүлж санал хурааж ажилладаг. Үүнд 2018-2020 оны хооронд П.Элбэгзаяа сонгогдож би хамтрагчаар нь ажилласан. Харин 2021-2023 оны хооронд Билгүүн маань сонгогдсон. МТОХ-ны ажилчид хоорондоо ярилцан МТОХ-г төлөөлөх дараагийн тамирчнаа нэр дэвшүүлж анкет бөглөн явуулдаг. Үүнийг Зүүн Ази бүсийн удирдлагууд сонгон шалгаруулсан. Бид Билгүүнийг сонгосон шалтгаан гэвэл тэр 2 жилийн дотор өөртөө итгэлтэй болж найз нөхдийн хүрээгээ тэлж бусдад үлгэр дуурайл болохуйц МТОХ-ны тамирчин болсон юм.

 

М.Билгүүн: МТОХ-ны Алтанцэцэг захирал анх ээжтэй маань холбогдож мэдээлэл өгч байсан. Тэгээд ээж маань надад хэлсэн. Тэгэхэд би “Чадах юм болов уу” гэж өөрөөсөө асуусан. Гэхдээ ямар ч байсан оролдоод үзье гэж шийдээд нэрээ өгсөн.

 

Н.Эрдэм: МТОХ-ноос над руу холбогдож Билгүүний хамтрагч болж туслах уу гэж асуухад би шууд зөвшөөрсөн.

 

-Элч төлөөлөгчөөр сонгогдсон сэтгэгдлээ хуваалцахгүй юу? Төлөөлөгчөөр сонгогдох нь ямар ач холбогдолтой, хүлээх үр дүн юу байх вэ?

 

М.Билгүүн: Эхэндээ айж байсан гэхдээ баяртай байсан. Яах бол, миний яриаг хүн ойлгох болов уу гээд их санаа зовсон. Дөрвөн сарын дараагаас харахад боломжийн санагдаж байна. Төлөөлөгчөөр сонгогдсоноор ичимхий байхаа больж нүүрэмгий болж байна. Zoom, Google Meet гэх платформ ашиглаж сурсан. Мөн 3 жилийн дараа ярианы чадвараа улам сайжруулж, Англи хэлний мэдлэгтэй болж, бичих ур чадвараа дээшлүүлэх зорилготой байгаа.

 

Н.Эрдэм: Юуны өмнө Монгол Тэмүүлэл сургуультай эхлүүлсэн Unified Youth хөтөлбөрөө амжилттай дуусгаж ирэх жилд мөн өөр нэгэн төсөл зохион байгуулж бүсийн болон дэлхийн хуралд Билгүүнтэй хамт танилцуулах зорилготой байгаа.

 

-Элч төлөөлөгчид ямар үүрэгтэй, хэрхэн ажилладаг вэ?  

 

 

М.Билгүүн: Би 3 сар тутамд бүсийн хуралдаа Эрдэм, Булгаа хоёртой оролцож ирэх 3 сарын төлөвөө тодорхойлдог. Харин одоо Монгол Тэмүүлэл Сургуультай хамтарсан олон удаагийн хөтөлбөр зохион байгуулж байгаа. Миний хүсэл бол NBA Cares Special Olympics Unified Basketball Game-д Зүүн Ази бүсээс сонгогдож оролцох юм. Энэ нь NBA тамирчид Тусгай Олимпийн тамирчидтай хамтарч нэгэн талбай дээр сагсан бөмбөг тоглодог юм. Өөр нэг мөрөөдөл маань Mr. Olympia нэртэй олон улсын бодибилдингийн тэмцээнд оролцох юм. Үүнд дэлхийн шилдэг тамирчид оролцдог. Энэ хоёр мөрөөдлөө биелүүлэхийн тулд би сайн хичээж ажиллах хэрэгтэй. Дан бэлтгэл хийх бус мөн ярих, бичих, илтгэх ур чадвараа сайжруулна.

 

 

Б.Булган: Миний үүрэг бол энэ хоёр залууст өмнөх туршлагаараа чиглэл өгөх юм. Тусгай Олимптой 6 жилийн турш хамтдаа байж Эрдэмийн авсан үүргийг гүйцэтгэж байсан учраас туршлага бол ихтэй. 6 жилийн хугацаанд том жижиг хандивын үйл ажиллагаа, тэмцээн уралдаан, гадаад дотоодын олон хуралд оролцож байсан ба үйл ажиллагаа бүрээс өөрийгөө хөгжүүлэх ямар нэгэн зүйл тодорхойлж чадсан юм.

 

 

Н.Эрдэм: Миний үүрэг бол Билгүүнийг бүхий л талаараа дэмжих юм. Үзэл бодлоо илэрхийлэхэд нь түлхэц болж, орчуулга хийн хамтарч ажилладаг. Би анх 2018 онд Тусгай Олимпийн хөлбөмбөгийн бэлтгэлд орж, 2019 онд Абу Даби хотноо болсон Тусгай Олимпийн Зуны Наадамд дэмжин тоглогчоор оролцсон. Энэ үед Тусгай Олимп ямар том үр нөлөөтэй хөдөлгөөн гэдгийг ойлгосон. Тэр үеэс хойш ТО-н үйл ажиллагаанд чадахаараа оролцож Билгүүний дэмжигч болсонд баяртай байдаг. Булгаа эгч надад маш их тусалдаг бол Билгүүнтэй хамтрахад амархан байдаг. Бид хоёрын сонирхол, хобби төстэй байдаг учраас байх. Өмнө нь талбай дээр л байдаг байсан бол одоо хамт илтгэл тавьж үзэл бодлоо дэлгэрэнгүй илэрхийлж байгаа нь миний хувьд ч шинэ зүйл. Энд дан би Билгүүнд туслах биш, Билгүүн ч надад их тус болдог.

 

-Манай улсаас тусгай олимпод оролцож амжилт гаргасан хүүхэд, залуус олон бий. Спортоор хичээллэхийн ач холбогдлын тухай юу хэлэх вэ?

 

М.Билгүүн: Спортоор хичээллэснээр бие бага өвддөг болно. Би фитнесст явж эхэлснээс хойш нэг ч удаа өвдөөгүй. Мөн спортоор хичээллэхдээ байнга хүмүүстэй харьцдаг учраас харилцааны чадвар сайжирсан.

 

Б.Булган: Миний хувьд олон спортоор хичээллэж үзсэн. Спортоор бие дотор хуримтлагдаж байгаа энергиэ гаргадаг байх. Тусгай Олимпд Хамтарсан Спорт гэж төрөл бий. Энэ нь оюуны бэрхшээлтэй болон бэрхшээлгүй тамирчид хамтдаа багийн спортоор хичээллэхийг хэлнэ. Миний хувьд ганцаарчилсан спортоор хичээллэхээс илүү хамтарсан спортоор хичээллэх нь илүү сонирхолтой байдаг.

 

Н.Эрдэм: Би багаасаа хөлбөмбөгөөр хичээллэсэн. Спорт, ялангуяа багийн спортоор хичээллэх нь сахилга баттай байх, найз нөхөдтэй болохоос авахуулаад сайн зүйл их. Тусгай Олимпийн хамтарсан спортын хувьд ч мөн адил оюуны бэрхшээлтэй тамирчидтай хамт тоглоход маш их зүйл сурдаг.

 

-Оюуны ялгаатай хүүхдүүдийн хөгжлийн тухай олон хүн олон өнцгөөр ярьдаг. Энэ бол өвчин биш. Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залуус юуг хийж бүтээж чадах бол? Бас тэд юуг мөрөөддөг бол?

 

 

М.Булган: Тусгай Олимп спортын уралдаан, тэмцээнээр дамжуулж оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлж чийрэгжүүлэх, тэднийг бидний адил тэгш эрхтэй иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах зорилготой олон улсын спорт хүмүүнлэгийн хөдөлгөөн. Тэд бусдын адилаар энэхүү нийгэмд өөрийн хүсэл зорилгоо биелүүлж аз жаргалтай амьдрах зорилготой хүмүүс. Тэдний ур чадварыг үнэлдэггүй, боломж олгодоггүй тохиолдлуудыг их харж байсан. Уг нь тэдэнд зүгээр л нөхцөлийг нь бүрдүүлэхэд хангалттай юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тусгай сургуулийн сурагчидтай цуг тоглож наадан, уран зургаар хичээллэх боломжтой. Үүнийг Хамтарсан Сургууль хөтөлбөр гэдэг ба Монголд 2018 оноос хойш хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрөөс жишээ нь оюуны бэрхшээлтэй, бэрхшээлгүй гэлтгүй хүн бүрд ямар нэгэн боломж олгож бие биеэ хүндэтгэх орон зай бий болдог.

 

Н.Эрдэм: Оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүст бусадтай яг ижил тэгш боломжийг бүрдүүлээд өгөхөд бусадтай яг л адилхан бүхий л зүйлийг хийж чадна. Мэдээж эцэг эх, найз нөхдийн дэмжлэг чухал.

 

М.Билгүүн: Оюуны бэрхшээлтэй хүмүүс юуг ч хийж чадна. Хүмүүсийн хийж чадаагүйг ч хийж чадна. Биднийг ичимхий, харилцааны чадвар муутай гэж боддог. Гэхдээ хүмүүстэй хамт тоглож, тэмцээнд оролцох хүсэлтэй. Ядарна, бие нь өвдөнө гээд жаахан хамт байж байгаад орхиод явдаг. Харин оюуны бэрхшээлтэй хүн бүр өөр өөр гэдгийг санаарай. Бидний чадвар бусдынхтай адил янз бүрийн түвшинд байдаг. Тийм учраас бидэнтэй тулж ярилцаад чадах, чадахгүй зүйлийг асууж дэмжээд өгөөрэй. Манай фитнесс дээр зарим ах нар надаас асуулгүй зарим дасгал хийлгэдэггүй. Тэд “Хэтэрхий хүнд жин өргөх хэрэггүй шүү” гэдэг. Тэд миний биед анхаарал хандуулж байгаа ч чадварыг маань бүрэн үнэлэхгүй байгаа юм шиг санагддаг.

 

 

Тусгай Олимпийн Элч төлөөлөгчөөр сонгогдсон эдгээр залуустай ярилцахад төдийгөөс өдий хүртэл амьдрахдаа хаа нэгтээ гээсэн хүн чанарын сорви хөндүүрлэх шиг болов. Хэзээ ч билээ дээ “тэдэнтэй” гудамжинд таарчихаад өрөвдмөөр аялаад л зөрсөнөөс биш зорилготой, зорилгодоо хүрэх цуцашгүй тэмүүлэл тээж явдгийг нь анзаарсан бил үү гэж өөрөөсөө нэхэн асуулаа. Бид л тэднийг оюуны, хөгжлийн бэрхшээлтэй гэж хардагаас хамаг буруу ойлголт эхэлдэг болохоос ерөөс тэд бол бид аж.

 

БНСУ-д 2013 онд зохиогдсон Тусгай Олимпийн өвлийн наадамд дэлхийн 105 орны 2500 тамирчин, 15000 дасгалжуулагч, хөгжөөн дэмжигч, гэр бүлийн гишүүд, 3500 зохион байгуулагч оролцож байв. Тус наадамд оролцсон манай улсын тамирчин Б.Элбэгзаяа, У.Нинжбадам нар цанын спортын төрөлд оролцож Б.Элбэгзаяа мөнгөн медаль хүртэж, У.Нинжбадам тусгай байрт шалгарсан билээ. Ийнхүү анхны медалийг эх орондоо авчирсан нь Монгол Улсын нэр хүндийг олон улсын хэмжээнд, олимпийн тэнгэрт өргөх чадвартайг харуулсан. Түүнээс хойш медалийн буухиа тасраагүй юм.

 

Цахим сайт: Specialolympicsmongolia.org/index.html

Фэйсбүүк: SpecialOlympicsMongolia

Инстаграм: @special_olympics_mongolia

И-мэйл: specialolympicsmongolia@gmail.com

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монголчуудад яг хужаа царай байна. Муухай царай онигор нүд орзгор шүд гээд яг хужаа төрх байна.
2021-04-22