Сайн үйлсийн төлөө 643 км замыг баавгайн хувцастай явган туулна
2021-04-23

Америкийн иргэн 33 настай Жесси Лариос буяны үйлсэд мөнгө цуглуулж, хүмүүст туслахын тулд баавгайн хувцас өмсөн, Лос-Анжелес хотоос Сан-Франциско руу явган алхаж хүрэхээр шийджээ. Тэрбээр 400 гаруй бээр газар буюу 643 км замыг туулах ёстой гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна. 

 

Жесси өөрийнхөө дүрийг Беарсан хэмээн нэрлэжээ. Тэрбээр баавгайны хувцасыг өөрөө зохион бүтээсэн байна. Жессигийн аялал дөрөвдүгээр сарын 12-нд эхэлсэн бөгөөд замдаа хооллох, унтах зэргээр зогсдог аж.

"Би урьдаас юу ч төлөвлөөгүй байсан, үнэхээр гэнэтийн алхам байлаа. Үнэнээ хэлэхэд хэвлэлийнхний анхаарал татахад таатай байна" хэмээн Жесси Лариос ярьжээ.

 

Тэрбээр хол замыг явган туулах болсон нь буяны үйлтэй холбоотой бөгөөд GoFundMe сайт дээр тусгай данс нээж, тэр дансанд нь 7000 орчим доллар цугларсан байна. Сан-Францискод очмогцоо энэ мөнгийг юунд зарцуулах талаар санал асуулга явуулах гэнэ. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин