Байден хүлэмжийн хийг хоёр дахин бууруулахыг уриалав
2021-04-23

Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тохиодог Олон улсын эх дэлхийн өдөр АНУ-д уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалт цахим хэлбэрээр эхэлсэн юм. 

 

АНУ-ын санаачилсан энэхүү цахим дээд хэмжээний уулзалтаар 40 орчим орны төлөөлөгчид экологи болон уур амьсгалыг хамгаалах асуудлыг хэлэлцэж байна. Энэ арга хэмжээнд Германы канцлер Ангела Меркель, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин зэрэг улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцож байгаа бол дээд хэмжээний уулзалтын тэргүүлэгчдийн жагсаалтад хамгийн залуу экологийн идэвхтэн Грета Тунберг багтжээ.

 

Уулзалтын гол сэдвүүдийн нэг нь агаар мандалд хаягдах нүүрсхүчлийн хийн хаягдлыг багасгах асуудал юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дээд хэмжээний уулзалтыг нээх үеэрээ энэ сэдэвтэй холбоотой нэн зоримог стратеги танилцуулжээ.

 

Тодруулбал, 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн хаягдлыг 50-52 хувиар бууруулах ажлыг зохион байгуулахыг улс орны тэргүүнүүдэд хандан уриалсан байна. Харин АНУ-ын тухайд 2005 онтой харьцуулахад нүүрсхүчлиийн хийн хаягдлыг 55 хувиар бууруулна гэж Байден мэдэгджээ. 

 

Германы канцлер Ангела Меркель хэлсэн үгэндээ хүлэмжийн хийг бууруулахтай холбоотой Байдены төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн АНУ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх талбарт дахин олон улсын түнш болж байгааг үнэлжээ. Түүнчлэн Герман улс 2019 онтой харьцуулахад нүүрсхүчлийн хийн хаягдлыг хэдийнэ 40 хувь багасгасан, 2050 он гэхэд Европын холбоо бүхэлдээ томоохон зорилтод хүрч чадна гэдэгт найдаж байгаагаа канцлер илэрхийлсэн байна. 

 

"Бид 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн хаягдлыг 1990 онтой харьцуулахад хамгийн багадаа 55 хувиар бууруулах хүсэлтэй байна" хэмээн Меркель цохон тэмдэглэжээ.

 

Германы судлаачдын мэдээлснээр, тус улсад одоо ч агаар цэвэршүүлэх асуудал дээр дээд амжилтууд тогтоосоор байгаа гэнэ. Тухайлбал, энэ онд гэхэд л нүүрсхүчлийн хий 100 сая тонноор багасах боломжтой гэж Килийн дэлхийн эдийн засгийн хүрээлэн тооцоолжээ. Түүнчлэн нүүрсхүчлийн хийн хаягдлын татварыг нэмэгдүүлснээр энэ төрлийн хаягдлыг багасгана гэж Германы эрх баригчид тооцоолж байгаа аж. Тус улсад бензин, мазут, хий, дизель түлш зэрэг ашигт малтмалыг ямар нэг байдлаар ашигладаг, өөрөөр хэлбэл зөвхөн үйлдвэрүүд төдийгүй автомашин эзэмшигчид, агаарын тээврийн компаниуд, айл өрхүүд ч энэ төрлийн татвар төлдөг юм байна. Одоо Германд нэг тонн хаягдлын татвар 25 евро байгаа бол 2025 он гэхэд 55 евро болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин