Цар тахал улс орнуудын цэргийн зардалд төдийлөн нөлөөлсөнгүй
2021-04-26

2020 онд дэлхийн цэргийн зардал 1.98 их наяд долларыг давсан нь өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 2.6 хувиар өссөн дүн гэж Дэлхийн асуудлын судалгааны Стокгольмын олон улсын хүрээлэн мэдэгджээ. 

 

Тус хүрээлэнгээс гаргасан цэргийн зардлын жагсаалтын эхний тавд АНУ, Хятад, Энэтхэг, Орос, Их Британи улс багтсан байна. Энэ таван улсын зардал дэлхийн нийт цэргийн зардлын 62 хувийг эзлэж байгаа аж. 

 

SIPRI-ийн мээдэлснээр, коронавирусийн цар тахлын эдийн засгийн үр дагаврын улмаас өнгөрсөн онд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн 4.4 хувиар буурсан байна.

"Ингэснээр ДНБ-д эзлэх цэргийн зардлын хувь хэмжээ 2.4 хувь болсон бөгөөд 2019 онд энэ үзүүлэлт 2.2 хувийг эзлэж байлаа. Энэ нь 2009 оны дэлхийн санхүү эдийн засгийн хямралын үеэс хойших хамгийн өндөр өсөлт" хэмээн судалгааны хүрээлэнгээс мэдэгджээ.

 

Хэдийгээр дэлхий дахинд цэргийн зардал өссөн ч зарим орон зэвсэглэлд төлөвлөсөн зардлынхаа хэсгээс цар тахалтай тэмцэх зорилгоор ашигласан байна. Эдгээр орнуудын тоонд Чили, Өмнөд Солонгос гэсэн улс орнууд багтаж байгаа аж. Харин Бразил, Орос зэрэг орнууд анх тооцоолж байснаасаа бага мөнгийг цэргийн зардалд зарцуулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин