Танкер осолдож, тэнгист газрын тос асгарчээ
2021-04-28

Хятадын Циндао боомт хотын ойролцоо, нэг сая баррель битум холимог тээвэрлэж явсан A Symphony танкер осолдсон талаар Шаньдун мужийн Тэнгисийн аюулгүй байдлын газар мэдээлжээ. Урьдчилсан мэдээллээр, зангуугаа хаян зогсож байсан танкерыг Sea Justice онгоц мөргөсний улмаас газрын тосны бүтээгдэхүүн Шар тэнгист асгарсан байна. 

 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, танкерын их бие хэсэгт цоорхой үүсч, газрын тосны бүтээгдэхүүнээс тэнгис рүү асгарсан байна. Тэнгист болсон энэ ослын улмаас экипажийн нэг ч гишүүн гэмтэж бэртээгүй байна.

 

"Хүчтэй мөргөсний дараа онгоцны ахмад онгоцон дээрх газрын тос асгарахыг зогсоох багийг дайчлан, их хэмжээний бүтээгдэхүүн асгарахаас сэргийлсэн" хэмээн танкерыг эзэмшигч компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

 

Осол болсон шалтгааныг цаг агаарын нөхцөлөөс үүдэлтэй хэмээн урьдчилсан дүгнэлт гаргажээ. Даваа гарагаас эхлэн Циндао хотын эрэг орчимд өтгөн манан буусан тул энэ нь осол гарах шалтгаан болсон байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин