Ерөнхийлөгчийн ХОРИГ-той намуудын ТОХИРОЛЦОО хийгээд ТОЛХИЛЦОО
2021-04-29

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар дөрөвдүгээр сарын 30 буюу маргаашнаас парламентад суудалтай намууд нэр дэвшигчээ тодруулж эхэлнэ.  Парламентад суудалтай МАН, АН, МАХН, “Зөв хүн-электорат” эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, нэр дэвшигчээ өрсөлдүүлэх эрхтэй. Хуулийн хугацаа тулсан парламентад ч, намуудад  асуудал цэгцрээгүй үргэлжилсээр... Заасан хугацаанд багтааж асуудлаа цэгцлэх хуулийн хайчилбар дээр ирээд байна.

 

УИХ хоригийг хүлээж авахгүй, Ерөнхийлөгчийн хуульд өөрчлөлт оруулна  

 

 

УИХ-ын тухайд Ерөнхийлөгчийн сонгуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Үүссэн ч гэж дээ, үүсгэсэн гэж болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээж авсан.  ҮХЦ-ийн дүгнэлтээр Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан эрхмүүд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болж байгаа юм.

 

Харин бүрэн эрхийн хүрээнд Ерөнхийлөгч ҮХЦ-ийн дүгнэлтэд өнөөдөр хориг тавилаа. Уг хоригт "Монгол ардын нам, түүний удирдлага, гишүүдийн зүгээс явуулж буй улс төрийн өрсөлдөгчөө дарж авах, сонгуульд оролцуулахгүй байх үндсэн зорилго бүхий энэхүү зохион байгуулалттай, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа нь Монгол төрийн түүхэнд гутамшиг болон үлдэх тул Улсын Их Хурал энэхүү үйлдлээ хүлээн зөвшөөрч, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөхүйц арга байдлаар залруулах шаардлагатай гэж үзэж байна. Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөс улбаатай, хууль зүйн хувьд огт маргаангүй асуудлыг улс төрийн зорилгоор маргаан болгож, түүнийг шийдвэрлэхдээ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй бусармаг байдлаар ажиллаж, Үндсэн хуулийн цэц дотооддоо хүртэл зөрчилдлөө." гэжээ.

 

Тиймээс УИХ Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн хуульд өөрчлөлт оруулах төсөлтэй үргэлжлүүлэн хэлэлцэж батлах биз. Мэдээж, хоригийг олонхи хүлээн авах боломжгүй гэж үзэж, хуулиа батална. Эс тэгвээс хуулийн дагуу маргаашаас сонгуульд оролцох намууд дотоооддоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ бүртгэх сунгаа зарлаад байна.  

 

МАН, МАХН нэгдэх тохиролцоо үргэлжилсээр...

 

 

Нөгөөтэйгүүр сонгуульд оролцох улс төрийн намуудад тохироо, зөвшилцөл явагдаж байна. Энэ удаагийн сонгуульд МАН, МАХН нэгдэн орохоор тохироо, хэлэлцээ үргэлжилж байгаа. МАН-ын Удирдах зөвлөл цахимаар хуралдаж, МАХН-тай нэгдэн сонгуульд оролцох гэрээний төслийг хэлэлцсэн ч шийдэлд хүрээгүй байгаа бололтой. Ер нь Сонгинохайрхан дүүрэгт ирэх 10 дугаар сард болох УИХ-ын нөхөн сонгуулийг МАХН-д өгч, Ерөнхийлөгчийн сонгуулиа МАН авах тохироо аль эртнээс яригдсан. Учир нь 2020 оны УИХ-ын сонгуулиар МАХН-аас Н.Энхбаяр даргын хүү Э.Батшугар Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойрогт өрсөлдөж унасан билээ.

 

Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тохироогоор Шадар сайд, Эрчим хүчний  сайдыг МАХН авах тохироо нэмж яригдаж байгаа талаар бор шувуу нисч байна.  Ямартай ч Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН, МАХН нэгдэх эцсийн шийдвэрт өнөөдрийн байдлаар хүрээгүй, тохироо үргэлжилж байгаа юм.

 

АН дотоод толхилцоондоо цэг тавих уу

 

 

УИХ дахь сөрөг хүчин АН-ын тухайд намын даргаа батламжуулахаар хоёр талаасаа материал өгснийг УДШ буцаасан. Нэг асуудлаар хоёр материал ирүүлсэн нь маргаан үүсгэснийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр онцолж, АН УДШ-д бүртгэлтэй. УДШ дээр бүртгэлтэй учир сонгуульдаа оролцоно” гэдгийг онцолж байна. Тиймээс ч маргаашаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх сунгаа зарлаад байна. Нөгөө талд УИХ-ын гишүүн Ц.Тувааныхан ямар нэг мэдээлэл хийгээгүй байна. Энэ маргааныг нэг талд гаргах асуудал мөн л маргаашаар дуусгавар болох биз нэг найдна. 

 

Ийнхүү ирэх өдрүүд Ерөнхийлөгчийн сонгуулиар үргэлжилж, улс төр халуухан өрнөх нь.

Н.Энхбат  

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ женког хурдан зайлуулаачээ ард тумнийг хагалаад дуурлээ
2021-04-29
hu nam eleed uursdiiguu tatan buulgaad ulsiin byrtgelees hasyylsnii daraa negdelee gej oilgoj bolno. tegehgui bol gereeg neg udur huchingui bolloo gej zarlana.
2021-04-29
Зочин:
Цөвүүн цагийн "ХАР ВИРУС+ХУВАЛЗ+ЭРД" ДАЛД ОРООСОЙ...
2021-04-29