Дракулагийн цайз вакцинжуулалтын төв болжээ
2021-05-10

Дракулагийн цайз хэмээн нэрлэгддэг, XIV зуунд баригдсан Бран цайзад зочилсон хүн бүрийг коронавирусээс сэргийлэх Пфайзер вакцин үнэ төлбөргүй хийлгэхийг санал болгож байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ. Ингэснээр аль болох олон хүнийг вакцинжуулалтад хамруулах боломжтой гэж Румыний засгийн газар тооцоолж байгаа гэнэ. 

 

Жуулчид ихээр зорьдог энэ цайз үзвэр үйлчилгээний газрын зэрэгцээ вакцинжуулалтын цэг болсон бөгөөд цайз дотор эмнэлгийн ажилтнууд хүссэн хүн бүрт коронавирусийн вакциныг үнэ төлбөргүй тарьж байгаа аж.

 

Цар тахал дэгдсэнээс хойш Румынд коронавирусийн халдварын тохиолдол 1 сая гаруй бүртгэгдсэнээс 29 мянган өвчтөн халдварын хүндрэлийн улмаас нас барсан байна. Энэ улс 19,5 сая хүн амтай бөгөөд есдүгээр сар гэхэд 10 сая хүнийг вакцинд хамруулахаар эрх баригчид нь төлөвлөжээ. Гэсэн ч хүн амын тал орчим хувь нь вакцин тариулах бодолгүй байгаа нь Европ тив дэх вакцинд үл итгэх байдлын хамгийн өндөр үзүүлэлт гэж олон нийтийн судалгаа явуулсан  Globesec компани мэдэгдсэн байна.

 

Тиймээс хүмүүс аялж, зугаалахаар хамгийн их очдог газарт вакцинжуулалтын цэг байгуулахаар шийдсэн бөгөөд энэ санаачилга нь иргэдийг вакцинд хамрагдах шийдвэрт нөлөөлж чадна гэж Бран цайзын удирдлагууд үзэж байгаа гэнэ.

Улмаар тавдугаар сарын амралтын өдөр бүр урьдчилан бүртгүүлэлгүйгээр ирж цайзыг сонирхох боломжтойн дээр үүн дээр нэмээд дундад зууны үеийн тамлалтыг харуулсан үзэсгэлэнг үнэ төлбөргүй сонирхох боломжтой аж. Гэхдээ энэ боломжийг ашиглахын тулд цайзыг сонирхохоор ирсэн зочин коронавирусийн вакцин тариулахыг зөвшөөрсөн байх ёстой гэнэ. 

 

Түүнчлэн Дракулагийн цайзад зохион байгуулж буй энэ арга хэмжээ нь  цар тахлын улмаас бараг жуулчингүй болсон Карпат уулын бүс рүү жуулчдыг татахад нөлөөлнө гэж Румыний засгийн газар үзэж байгаа аж. 

Бран цайз нь Карпатын уулсын бэлд, Бухарестаас хойд зүгт 170 километр зайд оршдог юм. Хунтайж Влад Цепеш аян дайныхаа үеэр Бран цайзад хоноглож байсан гэх домог байдаг тул энэ цайзыг Дракулагийн цайз хэмээн нэрлэдэг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин