Нигери: Хөлөг онгоцны ослын улмаас 28 хүн амиа алджээ
2021-05-10

Нигерийн Широко голд хөлөг онгоц хөмөрсний улмаас 28 хүн амиа алджээ. Энэ эмгэнэлт хэргийн талаар тус улсын Онц байдлын агентлагийн тэргүүн Ахмед Инга мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулсан байна. 

 

"Тавдугаар сарын наймны үдэш 100 зорчигчтой хөлөг онгоц хөмөрсөн, онгоц зогсоолд хүрэхэд ердөө 50 метрийн зай л үлдсэн байсан" хэмээн Ахмед Инга мэдээлжээ. 

 

Ослын улмаас 28 хүн живж нас барсан бол 65 зорчигчийг аварч чадсан байна. Харин долоо хүн ор сураггүй болсонд тооцогджээ.

 

Энд дуулгахад, хууль бус цагаачдыг суулгасан онгоц тэнгист осолдох тохиолдол удаа дараа гардаг. Хамгийн сүүлд гэхэд л, дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Ливийн эргүүдээс холгүй, Газрын дундад тэнгист хууль бус цагаачид суулгасан завь хөмөрсний улмаас 130 хүн амиа алдсан юм. Мөн үүнээс өмнө Хойд Африкт эрэг орчимд цагаачдыг тээвэрлэж явсан завь хөмөрч, живсэний улмаас 63 хүн ор сураггүй болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин