Өнөөдрөөс нийслэлийн дархлаажуулалтын цэгийн тоог цөөлнө
2021-05-10

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.10/ хийлээ. 

 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: 

 

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 76,1 хувь нь хамрагдсан бол 30,1 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан. Харин Улаанбаатар хотын хувьд  нэгдүгээр тунд 93,9 хувь, хоёрдугаар тунд 50 хувь нь хамрагдсан. Иймд өнөөдрөөс эхлэн нийслэлийн хэмжээний дархлаажуулалтын цэгийн тоог багасгаж, орон нутаг руу ач холбогдол өгч байна. Тодруулбал, нийт 114 дархлаажуулалтын цэгийг 49 болгон бууруулж ажиллаж эхэллээ. Энэ хугацаанд орон нутгийн иргэдийг дархлаажуулах ажилд анхаарч ажиллаж байгаа. Тавдугаар сарын 20-ноос эхэлж, Улаанбаатар хотод нэгдүгээр тундаа хамрагдсан иргэд хоёрдугаар тундаа хамрагдах хугацаа болж ачаалал нэмэгдэнэ. Тухайн үед нь зохион байгуулалт  хийнэ. 

 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл буурч, тодорхой үйлдвэрлэл үйлчилгээ ажиллаж байна. Хэдийгээр дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа ч эрсдэл бий. Тиймээс иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар дагаж мөрдөөрэй. 

 

Мөн гадаадаас иргэдээ татан авах, вакцины татан авалт шат дараалалтай хэрэгжээд явж байгаа. 

 

М.Насан 

 

 

Shuud.mn
Сонин хачин