Газрын тосны объектын ажиллагааг саатуулсан халдлагыг Оросын хакерчид үйлдсэн гэв
2021-05-10

АНУ-ын Colonial Pipeline газрын тос дамжуулах томоохон хоолой хаагдах шалтгаан болсон цахим халдлагыг Оросын хакеруудын DarkSide бүлгэм үйлдсэн байж болзошгүй гэж CNN, NBC агентлагууд мэдээлжээ. 

 

Газрын тос дамжуулах хоолойн оператор компани руу өнгөрсөн баасан гарагт цахим халдлага хийсэн бөгөөд системийн хэвийн ажиллагааг сэргээхийн тулд хакерууд мөнгө шаардсан гэнэ. DarkSide бүлгэмийн талаарх мэдээлэл тун хомс. NBC агентлагийн мэдээлснээр, энэ бүлгэм саяхан байгуулагдсан ч үйл ажиллагааных нь схемээс харахад туршлагатай цахим гэмт хэрэгтнүүдээс бүрддэг аж. 

 

Colonial Pipeline нь өдөрт 2,5 сая баррель газрын тос шахаж, АНУ-ын дорнод эргийн хэрэглээний нийт түлшний 45 хувийг дангаар хангадаг юм байна. Энэ дамжуулах хоолой цахим халдлагын улмаас гурван өдрийн туршид сул зогсож байгаа нь түлшний тасалдал ихээр үүсэх шалтгаан болж болзошгүй хэмээн Блүмберг мэдээлжээ. 

 

АНУ-ын газрын тос хийн салбар хар салхи болон байгалийн бусад хүчин зүйлийн улмаас үйл ажиллагаа нь доголдох тохиолдол байнга гардаг. Тухай бүрт ажилчид болон аврагчид богино хугацаанд гамшгийн хор уршгийг арилган, хэвийн ажиллагааг сэргээдэг юм. Гэхдээ энэ том объект сүлжээнээс бүрэн салгагдсан тохиолдол урьд өмнө нь огт гарч байгаагүй гэнэ.

 

Мэргэжилтнүүдийн өгүүлснээр, баасан гарагт болсон энэхүү цахим халдлага нь 2019 онд Саудын Арабт дронуудын тусламжтайгаар газрын тосны хоёр объект руу халдсан үйл явдлаас хойших хамгийн өргөн цар хүрээтэй халдлагад тооцогдож байгаа аж. Газрын тос дамжуулах хоолойн оператор компани руу цахим халдлага үйлдэгдсэний улмаас АНУ-ын Засгийн газар ням гарагт онц байдлын дэглэм тогтоожээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин