Clubhouse албан ёсоор андройд хувилбар гаргалаа
2021-05-10

Clubhouse сервис Андройд үйлдлийн системийн хэрэглэгчдэд зориулан албан ёсны апликейшн гаргажээ. Өмнө нь энэ сүлжээг зөвхөн iOS системийн хэрэглэгчид л хэрэглэх боломжтой байсан юм. Улмаар хоёрдугаар сард Оросын "ВКонтакте" сүлжээг боловсруулсан Григорий Клюшников Андройдод зориулсан Clubhouse-ын албан бус хувилбар гаргаж байсан. Харин Clubhouse гуравдугаар сард албан ёсны бус апликейшний хэрэглэгчдийг блоклож эхэлсэн юм. 

 

Клабхаусын хэвлэлийн мэдээнд өгүүлснээр, тавдугаар сарын есний өдрөөс эхлэн АНУ-ын  Андройд системийн хэрэглэгчид ашиглах боломжтой болсон байна. Удалгүй бусад англи хэлтэй орнуудад, цаашлаад дэлхий даяар хүртээмжтэй болно гэж Клабхаусын төлөөлөгчид мэдэгджээ. Харин АНУ-аас өөр оронд байгаа хэрэглэгчид Google Play дэх хуудсаар дамжуулан апликейшний урьдчилсан захиалга өгөх боломжтой гэнэ. 

 

“Бид ойрын үед хэрэглэгчдийн санал сэтгэгдлийг цуглуулан, үүссэн асуудлуудыг засаж, төлбөр төлөх, клуб байгуулах зэрэг функцуудыг нэмэх тал дээр ажиллана” хэмээн Клабхаусын төлөөлөгчид мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, Клабхаус олон нийтийн сүлжээ 2020 оны гуравдугаар сард нээгдсэн ч 2021 оны эхээр ихээхэн алдартай болж, хэрэглэгчдийн тоо өссөн юм. Энэ оны нэгдүгээр сарын сүүл гэхэд долоо хоногт энэ апликейшнийг ашиглаж буй идэвхтэй хэрэглэгчийн тоо 2 саяд хүрсэн бол хоёрдугаар сарын сүүл гэхэд 10 саяыг давжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин