АНУ Пфайзер вакциныг өсвөр насныханд тарихыг зөвшөөрлөө
2021-05-11

АНУ-ын Хүнс, эм бэлдмэлийн чанарын асуудал эрхэлсэн газар Пфайзер/Бионтеч компанийн вакциныг 12-15 насны хүүхдүүдэд ашиглахыг зөвшөөрчээ. Энэ талаар CNBC телевиз мэдээлсэн байна. 

 

АНУ-д өсвөр насныханд Пфайзер вакциныг шуурхай горимоор ашиглахтай холбоотой зохих хүсэлтийг дөрөвдүгээр сарын эхээр Хүнс, эм бэлдмэлийн чанарын асуудал эрхэлсэн газарт гаргасан юм. Коронавирусээс сэргийлэх вакцин үйлдвэрлэгч Пфайзер/Бионтеч компани вакцины үр дүнг 2000 гаруй өсвөр насныхан дээр хийсэн эмнэлзүйн туршилтаар баталгаажуулсан хэмээн мэдэгдэж байв.

 

Тус компанийн мэдэгдсэнээр, өсвөр насныхан болон залуусыг оролцуулсан өмнөх туршилтуудын үеэр дархлаа өндөр үзүүлэлттэй гарсан бөгөөд үүний дараа хүүхдүүдэд эмнэлзүйн туршилт хийхэд эсрэг биетийн тогтвортой хариу урвал үүсгэсэн гэнэ. Вакцинаас үүдэлтэй гаж нөлөө нь насанд хүрэгчдэд ажиглагдаж байсан шинж тэмдгүүдтэй ижил байсныг компани онцолжээ.

 

CNBC телевизийн мэдээлснээр, Пфайзер/Бионтеч компани гуравдугаар сарын сүүлээр зургаан сартайгаас 11 хүртэлх насны эрүүл хүүхдүүд дээр вакциныхаа эмнэлзүйн туршилтыг хийж эхэлсэн байна. Түүнчлэн, Модерна болон Жонсон энд Жонсон компаниуд коронавирусээс сэргийлэх вакцинаа хүүхдүүд дээр туршиж байгаа аж.

 

Энд дуулгахад, АНУ-ын Ерөнхийлөгчийн анагаах ухааны зөвлөх Энтони Фаучи дөрөвдүгээр сард мэдэгдэл хийхдээ намар гэхэд АНУ-д өсвөр насныхныг вакцинд хамруулж эхлэх бол ирэх оны эхээр бага насны хүүхдүүдэд коронавирусээс сэргийлэх тарилга хийнэ хэмээн онцолж байв.

 

АНУ-д өсвөр насныханд ашиглах зөвшөөрлөө авсан Пфайзер/Бионтеч компани 12-15 насныханд вакциныг ашиглах зөвшөөрөл хүсэн Европын эм бэлдмэлийн агентлагт хүсэлтээ өгсөн талаарх мэдээлэл дөрөвдүгээр сарын 30-ны өдөр гарч байсан бөгөөд Европын холбоонд энэ вакциныг тун удахгүй өсвөр насныханд ашиглаж эхлэнэ гэдэгт найдаж байгаагаа компанийн төлөөлөгчид илэрхийлж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
үнэн:
Манайх мэдээж энэ Хүүхдийн Вакцины захиалгаас нь хоцорцон, хов хоосон ,очерт нь зогсох санаатай авч сачий нь хүрэхгүй яваа даа.
2021-05-11