Иерусалимд болсон мөргөлдөөний хохирогчдын тоо 500-г давжээ
2021-05-11

Даваа гарагт Иерусалимд Израилийн цагдаагийнхантай мөргөлдсөний улмаас 500 гаруй Палестины оршин суугч шархадсан гэж ВАФА агентлаг мэдээлжээ. 

 

"Аль-Акс сүмийн гадаа Израилийн цагдаагийнхантай мөргөлдсөний улмаас 520 палестин, тэр дундаа хоёр эмч шархадсан. Шархадсан 333 хүнийг Иерусалимын эмнэлэгт хүргэснээс долоон хүний биеийн байдал хүнд байна" гэж Палестины эрх баригчид мэдэгджээ. 

 

Сүмийн гадаа үүссэн эмх замбараагүй байдлын улмаас 395 хүн гэмтэж бэртсэн гэж өмнө нь мэдээлж байлаа.

 

Энд дуулгахад, Дорнод Иерусалимд эмх замбараагүй байдал хэдэн өдрийн туршид үргэлжилж байгаа юм. Ийм нөхцөл байдал үүсэх болсон шалтгаан нь хотын дорнод хэсэгт байх Шейх Жаррах дүүрэг дэх хэд хэдэн Палестины гэр бүлийг гэрээс нь нүүлгэсэнтэй холбоотой аж.

 

Улмаар, тавдугаар сарын есний өдөр еврейчүүдийн тэмдэглэдэг Иерусалимын өдрөөр нөхцөл байдал хүндэрсэн байна. Энэ нь 1967 оны Зургаан өдрийн дайны дараа Ариун хотын түүхэн хэсэг Израимлийн хяналтад орсныг тэмдэглэдэг үндэсний баяр юм. Энэ өдөр Иерусалимд туг далбаатай жагсаал болон бусад баярын арга хэмжээнүүд болдог. Улмаар энэ жилийн Иерусалимын өдрөөр мөргөлдөөн үүсгэхгүйн тулд цагдаагийнхан еврейчүүдийг оруулаагүй ч Хуучин хотын орох хэсэгт эмх замбараагүй байдал үүссэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин