Сөрөг хүчин суултаа зогсоож, эрх баригчидтай зөвшилцөж байна
2021-05-12

 

УИХ дах АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд долоон өдөр суулт, өлсгөлөн зарлаж, өчигдөр зогсоолоо. УИХ бие даан нэр дэвшин сонгогдсон Н.Алтанхуяг АН-ын гишүүнчлэлээ сэргээж, УИХ дахь АН-ын бүлэгт орж, цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр батламжуулсан. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл даргатай АН-аас нэр дэвшигч Н.Алтанхуягийг СЕХ бүртгээгүйн тус бүлгийн гишүүдийг суулт хийхэд хүргэсэн билээ. Хоёр талцсан АН-аас хоёр нэр дэвшигчийн материал СЕХ руу илгээхэд М.Тулгат даргатай Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийг бүртгэсэн. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд дараагийн алхамдаа орж, эрх баригч хүчнийг хууль бусаар дарангуйлж байгаад эсэргүүцэж, өлсгөлөнгөө үргэлжлүүлсэн.

 

Ер нь сөрөг  хүчний гишүүдийг сайн дураараа өлсгөлөн зарласан долоо өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, АН-ын дарга М.Тулгат, Улсын баатар Э.Бат-Үүлээс эхлээд энгийн иргэд ч “эргэж ирсэн”. Тэд  төрийн тэргүүнээс зөвлөгөө сонсож, улсын баатрыг хөөж, спикерийн саналд түдгэлзсэн байр суурь илэрхийлж байна.

 

Харин тэдэнд өлсгөлөнгөө зогсоохын тулд нөгөө талд байгаа журмын нөхөдтэйгээ бус, МАН-ын  аппараттай бус, хууль тогтоох байгууллагатай зөвшилцөлд орох гарц л нэр цэвэр байсан нь тодорхой. Тиймээс  ч УИХ-ын даргаар захирамж гаргуулж, Ажлын хэсэг байгуулан хэлэлцээнд орсноо зарлаж өлсгөлөнгөө зогсоолоо.  Ажлын хэсэг эхний ээлжинд Сонгуулийн тухай, Улсын бүртгэлийн тухай, Улс төрийн намын тухай зэрэг хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэнэ гэсэн. Ер нь энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд дээрх хуулиудад өөрчлөлт оруулах эсэх нь гишүүдийн мэдлийнх. Тэр дундаа бүрэн эрхээ дуусгавар болох 2023 оны сүүлчээр Сонгуулийн хуульд аль ч парламент өөрчлөлт оруулж дараагийн сонгуульдаа ордог. Тиймээс дээрх хуулиудад өөрчлөлт оруулах эсэх нь яаралтай бус, цаг хугацааны асуудал. Өлсгөлөн зарлахгүйгээр, парламент дотроо хэлэлцээд явах үндсэн ажил нь, гишүүдийн тухайд.

 

Харин өнөөдрийн цаг хугацааны тухайд зөвшилцлийн ард улс төрийн тохироо хэрхэн үргэлжилсэн нь ажиглагчдын сонирхлыг татаж, таамаглал хөврүүлж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар өмнөх Ерөнхийлөгч нарыг, тэр дундаа өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эрхгүйг ҮХЦ-аар бататгуулан, долоон минутын хугацаанд өөрчлөлт оруулсан хуулийг баталсан гэж парламент шүүмжлүүлж байгаа.

 

Нөгөө талаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч сүүлийн таван жил эх орондоо байнга оршин суусан байна гэх Үндсэн хуулийн заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиас хассан зөрчил илэрсэн. Энэ нь МАН-ын дарга У.Хүрэлсүхэд хамааралтай. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн долоон өдрийн өлсгөлөнгийн  цаана Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчид нэр дэвшигч У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нар ямар тохироонд хүрсэн бол.

 

Ерөнхийлөгчийн сонгуульд гурван нэр дэвшигчийн нэг У.Хүрэлсүх парламентынх. Тиймээс Ерөнхийлөгчийн сонуульд ялалт байгуулвал Хэнтийн тойрогт нөхөн сонгууль явагдана. Намар явагдах УИХ-ын нөхөн сонгуультай зэрэг хийх биз. Энэ нөхцөлд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүнээсээ буугаад нөхөн сонгуульд намаасаа нэр дэвших магадлалтай.  

 

Учир нь МАН, АН-аас нэр дэвшигчид ялсан ч, эс ялсан ч намын дотоод аппаратад дараагийн удирдагчаа сонгох алхам хийгдэнэ. АН-ын тухайд дараагийн сонгуульд бэлтгэх хүч нь парламентад байгаа, түүнээс гудамжинд байгаа энгийн гишүүн АН-ыг төлөөлж, олон нийтэд нөлөөлөхгүй. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-д “эргэн ирж”, У.Хүрэлсүхийг ялуулахын төлөө дэмжин ажиллахаа чанга дуугаар зарлаад байгаа нь цаанаа өөрийн нь улс төр алсын нүүдэлтэй холбоотой.

 

УИХ дахь ганц суудлаа “хаяж”, угшил нэгт “62-ын бүлэг”-тай МАН-д нэгдсэн нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах өөрийн нүүдлээ хүлээж, өнөөдрийн улстөржилтийг алсаас инээмсэглэн харж  байгаа. Гэхдээ "Бүг найрамдах улс" зөвхөн түүний мөрөөдөлд л үлдээсэй, бид чинь ардчилсан Монгол Улсын иргэд. Тиймээс л АН, МАН зөвшилцөж, тохиролцож байгаа. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин