Халдварын тархалт Төв аймагт тогтворжиж, Завханд 159 ор нэмж дэлгэжээ
2021-05-13

 

Манай улсад халдвар өргөн хүрээтэй тархаж байгаа энэ үед тусгаарлах байр, хамгаалах хувцас хэрэгсэл, батлагдсан тохиолдлуудаа аймагтаа эмчилж байгаа эсэх, дархлаажуулалтын хэдэн хувьтай үргэлжилж байгаа талаар тодруулахаар Төв, Завхан, Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газрын удирдлагуудтай холбогдсон юм. 

 

Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа:

 

-Өчигдрийн байдлаар таван тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 881 боллоо. Төв аймагт гуравдугаар сарын 06-нд анхны тохиолдол бүртгэгдсэн. Нийт 27 сумтайгаас 18 суманд нь халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 14 сумаас батлагдсан тохиолдлуудыг аймгийн нэгдсэн эмнэлэг рүү татан авч эмчилсэн. Харин халдвар өргөн хүрээтэй тархсан Жаргалант, Алтанбулаг, Батсүмбэр, Аргалант суманд нэмэлт ор дэлгэж эмчилгээ хийж байгаа. Тухайлбал, Жаргалант суманд 100 гаруй ор дэлгэж эмчилгээ эхлүүлсэн бөгөөд халдвар авсан бүх иргэд эмчлэгдэн гарч, гэрээр эмчилгээгээ үргэлжлүүлж байна. Түүнчлэн Аргалант суманд сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 28 хоногийн хугацаанд дахин халдвар бүртгэгдээгүй.

 

Аймгийн нэгдсэн эмнэлэгт 150 ор дэлгэж, 13 эмнэлзүйн баг ажилласан. Өнөөдрийн байдлаар аймгийн нэгдсэн эмнэлэгт 700 гаруй хүн эмчилсэн бол Улаанбаатар хот руу 120 хүнийг тээвэрлэсэн. Үүнээс 110 хүн нь эдгэрсэн бол 10 хүн эмчлүүлж байна. Харин аймгийн нэгдсэн эмнэлэгт 45 хүн эмчилгээнд байгаа.

 

Манай аймгийн хэмжээнд нийт 35 цэгээр иргэдээ вакцинжуулж байгаа. Өнөөдрийн байдлаар 80 хувьтай дархлаажуулалтын ажил үргэлжилж байна. Суурин 60 мянга, хөдөлгөөнт 12 мянган хүнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Тодруулбал, аймгийн төвийн хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 100 хувь хамрагдсан байгаа бол сумуудын суурин хүн бүрэн хамрагджээ. Хөдөлгөөнт хүн амыг вакцинжуулалтын явуулын цэгээр дархлаажуулж байгаа. Ингээд тавдугаар сарын 22-ноос хоёрдугаар тунгийн вакцинжуулалт эхэлнэ. Өнөөдөр хоёрдугаар тунгийн эхний 20 мянган тун вакцинаа татан авч байна. Бидний тооцоолж буйгаар зургадугаар сарын эхэн үе гэхэд хоёрдугаар тунгаа хийж дуусгана. Аймгийн нэгдсэн эмнэлгийн хувьд яаралтай тусламжийн тасгаас бусад тасгийг халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэхэд  зориулж бэлтгэсэн. Бүх эмч ажилчид маань хариу арга хэмжээний сургалтад сууж, бэлтгэгдсэн. Аймгийн удирдлагаас шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан.

 

Иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж байна. Мөн сумдад олон аян өрнөж байгаа. Тухайлбал, Жаргалант, Баян-Өнжүүр сумаас аймгийн нэгдсэн эмнэлэгтээ машин авч өгсөн. Халдварыг хамтын хүчээр давж байгаа та бүхэндээ баярлалаа.

 

Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн:

 

-Нөхцөл байдал хүнд байна. Нийт гурван суманд халдвар бүртгэгдсэн. Аймгийн хэмжээнд нийт 159  ор нэмж дэлгэсэн. Үүнээс аймгийн нэгдсэн эмнэлэгт 41 ор, Тосон суманд 118 ор дэлгэсэн. Аймгийн хэмжээнд дархлаажуулалт 71 хувьтай байна. Вакцины хоёрдугаар тунг энэ сарын 20-ноос хийж эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Эрүүл мэндийн байгууллагын эмч ажилчид ачаалалтай ажиллаж байна.

 

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Шижиртуяа:

 

-Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд дөрвөн сэжигтэй тохиолдол байгаа бөгөөд хариуг нь баталгаажуулахаар ХӨСҮТ-рүү илгээсэн. Он гарсаар нийт 30806 хүнд шинжилгээ хийжээ. Одоогоор гэрийн тусгаарлалтад 579 иргэн байгаа бол тусгаарлах байранд есөн эмч, эрүүл мэндийн ажилтан, долоон иргэн байна. Мөн 94 хүн тусгаарлалтаас гарч, 110 хүн тусгаарлалтад оржээ.

 

Өмнөговь аймгийн хэмжээнд дархлаажуулалтад хамрагдах 18-аас дээш насны 45428 иргэн бий. Аймгийн хэмжээнд дархлаажуулалтын сумдад болон аймгийн төвийн цэгүүдээр өргөн зохион байгуулж байна. Тодруулбал тавдугаар сарын 11-ний байдлаар вакцинжуулалт 68,6 хувьтай байна. Дархлаажуулалтад хамрагдсан байдлаараа Цогтцэций, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумд тэргүүлж байна.

 

М.Насан

 

Shuud.mn
Сонин хачин