Герман ЕХ-д зөвшөөрөгдсөн вакцин тариулсан хүмүүсийг нэвтрүүлнэ
2021-05-13

Герман улс тавдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн улс руугаа нэвтрүүлэх журмыг хялбаршуулсан талаар DW агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Европын холбоонд зөвшөөрөгдсөн Пфайзер, Модерна АстраЗенека, Жонсон энд Жонсон гэсэн вакцинуудын аль нэгийг тариулсан, эсвэл коронавирусийн халдвар тусаад эдгэрсэн хүмүүс Германд ирэхдээ тусгаарлалтад орохгүй, шинжилгээ өгөхөөргүй болж байна. Гэхдээ энэ журам шинэ, илүү халдвартай хувилбар тархаж байгаа орнуудаас ирж буй зорчигчдод хамааралгүй аж. 

 

Түүнчлэн сүүлийн долоо хоногийн дотор 100 мянган хүн амд ноогдох халдварын тоо 50-200 бүртгэгдсэн бүс нутгуудаас ирэх хүмүүс ч тусгаарлалтад орохгүй юм байна. Гэхдээ тэд коронавирусийн халдварын шинжилгээний сөрөг хариутай байх ёстой. Харин өндөр эрсдэлтэй бүс нутгуудаас ирсэн зорчигчид урьдын адил тусгаарлалтад орж, тав хоногийн дараа шинжилгээ өгөх ёстой гэж эх сурвалж мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин