Ханхүү Харри ордны амьдралыг амьтны хүрээлэнтэй зүйрлэжээ
2021-05-14

Ханхүү Харри эхнэр Меган Марклын хамт АНУ-д шилжин суурьшаад багагүй хугацааг өнгөрөөсний дээр Америкт очсоныхоо дараа анх удаа Опра Уинфригийн нэвтрүүлэгт оролцон Их Британийн хатан хааны гэр бүлийн талаар ярьсан нь ихээхэн шуугиан дэгдээж байв. 

 

Өдгөө 36 настай ханхүү Харри ордны нууцуудын талаар дахин олны өмнө ам нээжээ. Тэрбээр энэ удаад Декс Шепардын нэвтрүүлэгт оролцон, өөрийн эцэг, ханхүү Чарльзын хүмүүжлийн арга барилыг шүүмжилсэн талаар ВВС мэдээлжээ. 

 

Ханхүү Харригийн өгүүлснээр, тэрбээр багадаа аавынхаа хатуу зангаас болж ихээхэн "зовдог" байсан гэнэ. Чарльз хүүхэд ахуйдаа "хатан хаан болон ханхүү Филипп өөрийг нь хэрхэн хүмүүжүүлдэг байснаар л хожим хүүдээ хандсан байх" хэмээн Харри ярьжээ. Түүнчлэн ярилцлагынхаа үеэр "ээжид минь хандаж байсан хандлагын улмаас" 20 настайдаа л хатан хааны гэр бүлээс явах хүсэлтэй байсан хэмээн ярьсан байна.

 

"Меган бид хоёр Лос-Анжелес руу шилжсэн нь удам дамжсан өвдөлт, шаналалаас зугатаж, хүүхдүүдээ ийм нөхцөлд оруулахгүй байх хүслээс үүдэлтэй " хэмээн Харри өгүүлээд ордны амьдралыг "Трюмений шоу болон амьтны хүрээлэнд байгаа мэт нөхцөл байдлын холимог" гэж тодорхойлжээ.

 

Энэ ярилцлагын дараа Букингемийн ордон ямар нэг тайлбар хийгээгүй байна. Гэхдээ Букингемийн ордны төлөөлөгчид "гэр бүлийн гүнзгий харилцааны талаар олны өмнө ханхүү ярьсаар байгаад урам хугарсан" гэж ордны эх сурвалж Дейли Мейл сонинд мэдээлжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
юун ч эмзэг юм
2021-05-17