Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсад эрүүдэн шүүсэн хэрэг дахиад хэзээ ч гарах ёсгүй
2021-05-15

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр 20 жилийн ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүх өчигдөр (2021.05.14) хэлэлцсэн.

 

Улсын Дээд шүүхээс тэдэнд ял оноосон гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, хаалттай хорих ангид ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргахаар болсон бол Ц.Амгаланбаатарыг өөр хэргээр үргэлжлүүлэн хорихоор болсон юм. “С.Зоригийн амийг хөнөөсөн” гэх хэргээр ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын асуудалд онцгой анхаарч, эрүүдэн шүүлтийн эсрэг үгээ хэлж, хүний эрхийг хамгаалах байр сууриа илэрхийлсээр ирсэн улстөрчдийн нэг бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Тиймээс сэтгүүлчид Улсын Дээд шүүхийн шийдвэртэй холбоотойгоор түүний байр суурийг сонирхоход “Энэ оны гуравдугаар сарын 8-нд би “Хүний эрхтэй холбоотой асуудал юм шүү” гэдэг үүднээс Т.Чимгээ дээр очсон. Учир нь энэ хэргийн тухай яриад л байсан боловч маш их удсан шүү дээ. Миний хувьд, “С.Зоригийн амийг хөнөөлгөсөн захиалагчийн хэрэг гэхээсээ илүү ардчилсан Монгол Улсад иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хүний амь бүрэлгээгүй байж 20 жилийн хилс ял сонсчихсон юм биш биз дээ. Мөрдөн шалгах байгууллагууд, хяналт тавьдаг прокурорууд, анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх нь тэднийг 5.5 жилийн туршид хэлмэгдүүлчихээгүй байгаа” гэх айдас байсан. Хэрэв эдгээр байгууллага улс төрийн зорилгоор ийм зүйл хийсэн нь тодорхой болж, иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гэм буруугүй нь тогтоогдвол дэлхий дахинд энэ их сонин үзэгдэл болно.

 

“Хэлмэгдүүлсэн”, аль эсвэл “Хайхрамжгүй хандсан. Анзааргагүй байсан” гэж үзэх үү. Аав, ээж, ах дүү, хамаатан садан дээрээ бодоод үзэхэд надад аймшигтай санагддаг. Энэ бүхнийг шүүх эцэслэн шийдэх байх. Юутай ч алхам алхмаар урагшилж байна. Шударга ёс гэж ярихад амархан ч шударга ёсны төлөөх тэмцэлд цаг хугацаа их шаарддаг. “Эрдэнэт”, С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухайд, бага багаар ахиц гарсаар л байна. Энэ бүхэн нэг өдөр, аль эсвэл нэг сарын дотор өргөс авсан мэт шийдлээ олчихдог зүйлс биш юм байна. Юутай ч Улсын Дээд шүүхийн шийдвэрийн талаар би дөнгөж сая мэдээлэл авлаа. Монгол Улсад цаашид хүнийг эрүүдэн шүүдэггүй, хэнийг ч хэлмэгдүүлдэггүй,хэн ч ял завшдаггүй байгаасай. Ийм явдал дахиад хэзээ ч бүү тохиолдоосой.

 

Монголын шүүх дарга, энгийн иргэн хоёртөөр ханддаггүй байгаасай. Шүүхийн алдаа завхрал, шүүх, хууль хяналтынхны зүгээс улстөрчид, уул уурхайнхантай хэт хэлхэлдсэн өнгөрсөн арав орчим жилийн ялзралын дээд цэг нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын асуудлаар шийдэгдэж, ёроолдоо унаж байна уу даа гэж харж байна. “Үүнээс цаашхи шүүх, прокурор, тагнуул, цагдаагийн байгууллагынхан ийм зүйл битгий хийгээсэй. Б.Хурц, Б.Баасанцогт нар шиг хүмүүс дахиж битгий төрөөсэй” гэлээ.

Б.Бат

Shuud.mn
Сонин хачин
орхон:
зөв шүү
2021-05-15