Архаг суурь өвчтэй иргэд гэрээр эмчлүүлэх нь эрсдэлтэй
2021-05-17

 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 541 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 48 642  боллоо.  Халдварын тохиолдол нэг үеэ бодоход буурч байгаа нь сайн хэрэг. Гэсэн ч халдварын улмаас нас барж буй хүмүүсийн тоо төдийлөн буурахгүй байна. Тухайлбал, манай улсад халдварын улмаас 207 хүн нас бараад байгаа. Өөрөөр хэлбэл 207 зүрх халдварын улмаас зогссон.

 

Хэдийгээр бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, зарим үйлчилгээний салбарын үйл ажиллагааг цагийн болон дүүргэлтийн хязгаарлалттай нээсэн ч иргэд бид халдвар хамгааллын дэглэмээ сахих хэрэгтэй.

 

Засгийн газраас 4,5 дугаар сарыг дархлаажуулалтын сар болгон зарлаж, иргэдийг вакцинжуулах ажилд шамдаж байгаа ч эрсдэл үргэлж бий. Хэрэв та халдварт өртсөн бол эрүүл мэндийн салбараас өгч буй зөвлөмж зөвлөгөөг сайтар мөрдөж, аминдаа хайртай байхгүй бол үхэл хэний ч ялгахгүй авч одно.

 

Халдвар олноор бүртгэгдэж байгаа өнөө үед хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр эмчилж байгаа. Учир нь манай улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөц хомсдмол, эмчилгээний ор хүрэлцээ хязгаарлагдмал. Гэрээр эмчлүүлж буй хүмүүсийг дүүрэг, хороо, өрхийн эмч нар хянаж байгаа. Шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад шилжүүлж эмчилнэ.

 

Гэтэл сүүлийн үед гэрээр эмчлүүлж байсан архаг суурь өвчтэй иргэд эмчийн дүгнэлтээр эмнэлэг рүү шилжүүлэх гэсэн боловч татгалзаж өөрийн амь насанд эрсдэл учруулж байгаа аж. Энэ талаар ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Архаг суурь, хүнд хэлбэрийн өвчтэй хүмүүс коронавирусийн халдвараар өвчлөөд эмнэлэг рүү шилжүүлэх гэсэн боловч "гэртээ байна" гэсэн саналыг зарим тохиолдолд гаргаж байгаа гэдгийг эрүүл мэндийн салбарынхан хэлж байна. Гэртээ үлдсэнээрээ эрсдэлд орж хүндэрсэн тохиолдолд амь насанд нь эрсдэл учрах  магадлалтай. Тиймээс эмч нарын зөвлөж буйгаар "халдвараар өвчлөөд эмнэлэг рүү шилжүүлье" гэвэл шилжих нь зөв” гэв.

 

Бидний цөөхөн монголчууд 207 хүнээ халдварын улмаас алдаад байна. Харамсмаар. Эрүүл мэндийн байгууллагаас шаардлагатай бүхий л зөвлөж зөвлөгөөг өгч, бүхий л нөөцөө дайчлан ажиллаж байгаа. Халдварыг давж гарахын тулд  иргэн бүрийн оролцоо чухал болоод байна. Та өөрийн амь насандаа хайртай байж, эрүүл мэндийн зөвлөмж зөвлөгөөг дагах хэрэгтэй. Үхэл хөрөнгө мөнгө, хөгшин залуу хэний ч ялгахгүй. 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж, 1, 2-р тунгаа хийлгэсэн бол маскаа тогтмол зүүж халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж явахыг уриалж байна. Ковидгүй зуны төлөө иргэн бүр хичээх хэрэгтэй байна.
2021-05-17