Энэтхэг: Голын эргээс олон зуун цогцос олджээ
2021-05-17

Энэтхэгт голын эрэг дээр оршуулсан олон зуун цогцос олдсон бөгөөд эдгээр нь коронавирусийн халдварын улмаас нас барсан хүмүүсийнх байж болзошгүй гэж албаныхан үзэж байгаа талаар Ассошейтед Пресс агентлаг мэдээлжээ. 

 

Тодруулбал, тавдугаар сарын 15-ны бямба гарагт Уттар-Прадеш мужийн Праягража хотод 300 цогцос олдсон байна. Мужийн Засгийн газрын албан ёсны төлөөлөгч мэдэгдэл хийхдээ эдгээр цогцоснууд нь коронавирусийн өвчлөлтэй огт хамаагүй, нутгийн иргэд индуисийн уламжлалаа дагаж талийгаачдыг голд урсган оршуулдаг хэмээжээ.

 

Гэхдээ бодит байдал дээр хүмүүс чандарлах зан үйлийн төлбөр төлөх чадваргүй, шатаах мод хүрэлцээгүйн улмаас талийгаачдын шарилыг ус руу хаяж байгаа талаар ажиглагчид өгүүлсэн байна. Энэтхэгт коронавирусийн халдвараас үүдэлтэй нас баралт эрс нэмэгдэж, ачаалал ихэссэн тул чандарлах өртөг гурав дахин өсөж, 15 мянган рупи (shuud.mn: монгол мөнгөөр 550 200 төгрөг) болжээ. Улмаар цогцосыг голд хаях тохиолдол олширч, өнгөрсөн долоо хоногт гэхэд л Бихар муж дахь Ганг мөрний эрэг дээр хаясан 71 цогцосыг олж байлаа. Цогцосонд задлан шинжилгээ хийсэн ч шарил удаж, задарсан тул үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоож чадаагүй гэж мэдээлж байв.

 

Энэтхэгт коронавирусийн халдвар болон түүнээс үүдэлтэй нас баралт өдрөөс өдөрт нэмэгдэж, дээр дурьдсан Уттар-Прадеш болон Бихар мужуудад нөхцөл байдал илүү хүнд байгаа юм. Ням гарагт тус улсад коронавирусийн халдварын шинэ тохиолдол 311 170 бүртгэгдэж, хоногт 4047 хүн нас баржээ. 

Энэтхэг: Аминаас үнэтэй сонгууль буюу Ганга мөрөнд хаягдсан цогцсууд

Shuud.mn
Сонин хачин