БНХАУ-д COVID-19 нэмэгдсэнээс болж албан тушаалтнуудыг ажлаас нь халжээ
2021-05-18

Хятадад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор албан тушаалтнуудыг ажлаас нь халж эхэлсэн талаар Жэнминь жибао сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Ляонин, Аньхой мужуудын таван албан тушаалтныг ажлаас нь халсан байна. Түүнчлэн ажил үүргээ биелүүлээгүй, албан тушаалаа хэтрүүлэн ашигласны төлөө олон албан тушаалтанд сануулга өгчээ. 

 

Дээрх хоёр мужид тавдугаар сарын 16-ны өдөр коронавирусийн халдварын тохиолдол 16, шинж тэмдэггүй тээгч 13 бүртгэгдсэн байна. Энэ нь эмнэлгийн байгууллагууд болон төрийн хяналтын байгууллагуудын алдаа дутагдал, хангалтгүй ажлын үр дүн гэж эрх баригчид үзжээ. 

 

Шалгалтын явцад Ляонин мужийн Инкоу хот дахь хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөн коронавирусийн халдварын анхны тохиолдлуудын нэг байсан ч эмнэлгийнхэн энэ талаар холбогдох албаныханд мэдээлээгүй байна. Хятадад эмнэлгүүд ханиад томууны шинж тэмдэгтэй өвчтөнүүдийг зайлшгүй бүртгэж, тэднээс коронавирусийн шинжилгээ, цусны шинжилгээ авах журам үйлчилж байгаа юм. Харин энэхүү журмыг зөрчин, коронавирусийн халдвар авсан өвчтөний талаарх мэдээллийг нуун дарагдуулсан эмнэлгийн үйл ажиллагааг зогсоож, эмчлэгч эмчийнх нь тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин