ВИДЕО: Хятадад 300 метр өндөр барилга ганхаж, хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ
2021-05-19

Хятадын Шэньжэнь хотод олон дэлгүүр, офис байрладаг 300 метрийн өндөр барилга тодорхойгүй шалтгааны улмаас ганхаж, чичирхийлсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Шэньжэнь хотод байх 73 давхар SEG Plaza барилгад дэлгүүр болон офисууд байрладаг бөгөөд барилга ганхмагц хүмүүс цочирдон барилгаас зугтацгааж, гудамжинд гарсан хойноо зураг, бичлэг хийж эхэлсэн байна. Барилга ганхсаны улмаас доторх бүхий л хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ.

 

Өндөр барилга ганхсаны шалтгааныг одоогоор тодруулж чадаагүй байгаа гэнэ. Энэ бүс нутагт газар хөдлөлт бүртгэгдээгүй тул өөр ямар шалтгаанаар барилга ганхсан байж болзошгүй талаар мэргэжилтнүүд судалж байгаа аж.

 

Нутгийн эрх баригчдын мэдээлснээр, 300 метр өндөртэй SEG Plaza барилга 20 жилийн өмнө баригдсан байна. Урьдчилсан үзлэг шалгалт хийхэд суурь нь цуураагүй, ан цав гараагүй, түүнчлэн гадна хана ч эвдрэлгүй байжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин