Захын хороололд амьдардаг хүмүүст нөөцийн мах олддоггүй
2021-05-24

 

Амралтын өдрөөр ахуйн хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүнээ цуглуулахаар зах худалдааны төвийг зорьдог нь их хотод амьдардаг иргэдийн хувьд хууль болжээ. Иймд махны үнэ ямар байгааг судлахаар Барс захыг зорьсон юм. “Ямар мах авах вэ” гэж ам уралдан асуух худалдагчид. Байгаа мөнгөндөө тааруулж долоо хоногийн хүнсээ цуглуулах гэсэн иргэд гээд л Барс захын амьдрал бужигнаж байлаа.  

 

Энд хонины ястай мах 13300, хонины ястай мах 13500, үхрийн цул мах /сээр/-15500, үхрийн цул мах/ гуя/ 16500 төгрөгөөр зарагдаж байв.

 

“Зээл өгөөч” гэсэн хүмүүс их ирж байна

 

Барс захын махны лангууны худалдагч:

 

-Сүүлийн хөл хорионы үеэр Засгийн газраас өгсөн 300 мянган төгрөгөөрөө иргэд хүнсээ авсан. Түүнээс хойш худалдан авалт зогсоод байна.  Хэвийн үед өдөрт 100 кг мах зардаг байсан бол цар тахал, хөл хорионы улмаас өдөрт хамгийн ихдээ 30 кг мах зарж байна. Иргэдийн амьжиргааны түвшин илт буурсан. Зээл өгөөч гэсэн хүмүүс их ирж байна. Тэтгэвэр, халамж, цалин буусны дараа тодорхой хэмжээгээр орлого нэмэгддэг. Махны үнэ өнгөрсөн жилийнхээсээ хямд байна. Хөл хорионоос хойш махны үнэ тогтвортой байгаа. Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас махны үнэ болоод бусад бараа бүтээгдэхүүний үнэнд хяналт тавьж байна. Дэнжийн мянга захаас авсан махны үнэ нь дээрээ 200-300 төгрөг нэмээд зардаг. Хүмүүс бага багаар л махаа авч байна. Ажилд 35-аас дээш насны хүмүүсийг хөгшин байна гээд авахгүй. Тиймээс л махны худалдаа эрхэлж амьдарч байна. Манай гэрт надаас өөр ажилтай хүн байхгүй. Залуу гэр бүлийн хувьд нийслэлд амьдрахад хэцүү. Ажлын байр олдохгүй учир зах дээр зогсохоос өөр аргагүй.

 

 

 

Махны үнийг хямдруулмаар байна

 

Иргэн Ц.Наранцэцэг:

 

-Амьдрал хэцүү л байна. Төрийн албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Сардаа 330 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Ач охинтойгоо хоёулаа амьдардаг. Өнөөдөр 15 мянган төгрөгөнд мах гэсэн юм. Захын хороололд амьдардаг над шиг хүмүүст нөөцийн мах олддоггүй. Олдсон ч дан яснууд үлдсэн байдаг. Өдөр болгон мах чанаж идэж чадахгүй. Монголчууд мах идэж л амьдардаг. Олон малтай. Тиймээс  махны үнийг хямдруулмаар байна.

 

Би хоёр хүүхдийн ээж. Нэг хүүхэд маань хамарсалтай нь олон жилийн өмнө зуурдаар нас барсан. Сая нэг хүүхэд маань хорд хавдартай гэсэн онош гарч, хагалгаанд орсон. Тиймээс хүүгийнхээ амьдралд жаахан ч гэсэн нэмэр болох гэж төрөөс өгсөн 300 мянган төгрөгийг өгсөн. Амьд байгаад нь л баярлах юм./инээв/

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин