Беларусь онгоц буулгасан хэргийг шалгах комисс байгуулжээ
2021-05-24

Өнгөрсөн ням гарагт Минск хотод яаралтай газардсан Ирландын Ryanair агаарын тээврийн компанийн онгоцтой холбоотой нөхцөл байдлыг мөрдөн шалгах комиссыг Беларусьт байгуулжээ. 

 

Онгоцонд бөмбөг тавьсан гэх мэдээлэл хүлээн авсны улмаас Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн тушаалаар Минск хотноо буулгасан. Харин онгоц газардсаны дараа энэ хөлгөөр зорчиж явсан тус улсын сөрөг хүчний төлөөлөл, сэтгүүлч Роман Протасевичийг баривчилсан юм. 

 

Олон улсын зүгээр энэ хэргийг ихээхэн шүүмжилж, Беларусийн эсрэг хориг тавих талаар Европын холбоо хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Энэ үеэр, онгоц буулгасан хэргийг мөрдөн шалгах комиссыг байгуулсан талаараа Беларусийн Тээврийн яам мэдээлжээ. "Нөхцөл байдлыг шалган, ойрын үед үр дүнг танилцуулна" хэмээн яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Европын холбоо Ryanair онгоцыг буулгасантай холбоотойгоор олон улсын мөрдлөгө шалгалт хийхийг уриалж байгаа бол найман орны парламент Беларусийн дээгүүр онгоц нисэж өнгөрөхийг хориглохыг уриалсан юм. Хамгийн түрүүнд Латвийн AirBaltic агаарын тээврийн компани Беларусийн нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх нислэгийг зогсоожээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин